
Олонтоо тавигдсан цар тахлын хөл хорионы үеэр хамгийн их ашиг олсон хууль бус бизнесийн нэг нь цахим покер байсан. Тэгвэл “үүсгэн байгуулагч” Адьяа, ажиллуулагч Ариунаа, Жак нарын гэх “МН ПОКЕР” сайт өдөрт 7-9 сая төгрөгний ашиг олж байсаныг гэрчүүд баталжээ. Сайт нээх ажиллагаа 2020 оны зунаас эхэлжээ. Үүсгэн байгуулагчид программын чиглэлээр хувиараа ажилладаг залуугаар дамжуулан Оросын нэр бүхий сайтаас мянган еврогоор цахим покерын сайт худалдан авч “МН ПОКЕР.сайт” болгожээ. Сайтаа “Хөрш заанууд“ хотхоны 1066-р байрны түрээсийн байранд зургаан дэлгэц, дөрвөн процессортойгоор ажилуулж эхэлсэн байна. Тоглогч эхлээд “МН ПОКЕР” гэсэн веб сайт руу орж бүртгүүлэн 100 төгрөгөөс 20 мянга хүртэлх үнэтэй ширээнүүдээс сонгон тоглодог. Сайт бооцооны мөнгөнөөс гурван хувийг авдаг агаад өдөрт 120-130 хүн тоглодогоос ашиг нь 7-9 сая төгрөг болдог байжээ. Ажилтнууд нь өндөр цалинтай, сайтын админ сарын гурван сая авдаг. Жак нь Монголын бүх цахим покероор тоглодог туршлагатай тоглогч гэнэ. Шүүх уг сайтын жинхэнэ эзэн гэх Адьяаг гурван сая төгрөгөөр торгожээ.