alim.mn | 2025.06.09
45 сая төгрөгийг нь залилсан эрийн байрны тагтаар нь орж барин авч яваад гяндан хүлээгээр хүлж 10 цаг байлгажээ

Холливудын адал явдалт кинонд гардаг шиг явдал саяхан гарчээ. Хилчний алдар 1-р зэргийн одонт Ё.Мэ нь Оюутолгойд ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэх З.Г-О-г ажилд авчээ. Хэсэг хугацааны дараа найзын хэмжээнд хүрчээ. “Цэрэг”  нь Оюутолгойд ажилд найдвартай оруулж өгнө гэсэн тул экс хилчин бусдад зуучлан нийт 45 сая төгрөг өгсөн гэнэ. Гэсэн ч “цэрэг нь мөнгө аваад алга болсон тул экс хилчин баахан хүний өмнө өрөнд оржээ.  Оюутолгойд ажилд орох гэсэн хүмүүс сүүлдээ түүнийг хамтарч луйвардсан хэмээх болжээ. Хүнд байдалд орсон тул цагдаа дахь танилаараа дамжуулан З.Г-О-г залилагч байж магадгүйг мэджээ. Бүр архаг мөрийтэй тоглоомчин болж таарав. Ингээд Ё.М, Б.С нарын хамт “хувиараа” мөрдлөг эхлүүлсэн. Мөрдлөг амжилттай болж гэрийн хаягийг нь тогтоожээ. Орцыг нь хэдэн өдөр ээлжилэн сахисаар гэртээ байгааг нь мэджээ. Харин цаашид болсон явдлыг хохирогч ийн өгүүлжээ. Түүнийг шөнийн 00 цагийн орчимд гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад экс хилчин гэнэт тагтаар ороод ирсэн байна. Гайхаж мэгдсэндээ хөдөлж чадахгүй болсон эрийг шууд чирээд хаалга нээхэд цаана нь хоёр хүн зогсож байсан. Ингээд гэрийн хувцастай чирч гулдран орцноос гаргаж саарал өнгийн “Alphard” машинд суулгахад араас нь эхнэр нь хөл нүцгэн уйлчихсан гарч иржээ. Машинд экс хилчин залилуусан мөнгөө нэхэхэд эхнэр нь Солонгосд байгаа хадам ээжтэйгээ видео калл хийжээ. Ээж нь хүүгээ хэцүү хүүхэд гэж зэмлээд цагдаад өгөхгүй байхыг гуйж өрийг нь төлнө гэж амласан. Эхнэр нь байрны зээлтэй байхад мөрийтэй тоглолоо хэмээн уйлжээ. Гэсэн ч тэд “мөнгөө авахаас нааш явуулахгүй, нөхрийг чинь барьцааллаа” гээд машинаа асаан хөдөлжээ. Ё.М  "чи муу ямар овоо п...да вэ" гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Экс хилчин замдаа “гав байна уу, би хүн чингэлэгт хийх гэсэн юм” гэж утсаар яриад бүр айлгажээ. Тэд явсаар 10-р хороололд экс хилчиний нэг байранд иржээ. Байранд оронгуутаа гарыг мушгиж, ар нуруунд минь гаргаж хүлсэн. Хүлж байхдаа "маргааш мөнгөө өгөхгүй бол алнаа чамайг” гээд элэг рүү хэд хэдэн удаа цохижээ. Шөнийн 01 цагийн үед "чамайг гяндан хүлээгээр хүлнэ" гээд бүх хувцсыг минь тайлж хоёр хөлийг  нь хүлж арагш татаад гартай хамт хойш дарж хүлсэн. Ингэж ямар ч хөдөлгөөнгүй болгоод коридороос чирж гал тогооны өрөөнд оруулан элдвээр хэлж, үг хэлэх болгондоо элэг рүү нь цохиж байсан гэнэ. Доош хараад хэвтаж байхад нь жорлон угаагч өгзөгөнд нь хүргээд “үүнийг бөгсөнд чинь хийнэ” гээд инээлджээ. Шөнийн 03 цагийн орчимд ээж рүү нь ахин видео калл хийж  хүүгийх нь хүлээстэй дүрсийг харуулаад “маргааш 10 цаг гэхэд 45 сая төгрөг бэлэн болгохгүй бол хүүхдийг чинь явуулахгүй, зодуулна хачин болгоно шүү” гэжээ. Өглөө нь 09 цагийн орчимд ааваас нь мөнгө авна гээд машиндаа суулган хөдөлжээ. Замдаа гавлах юм хайн Өгөөмөр захаар орж хомучик авчээ. Налайх дүүрэгт байх аавынд нь очисон ч мөнгө гарсангүй. Аав мөрийтэй тоглоллоо гэж хүүгээ загнаад цагдаа шүүхээр шийд гэжээ.  Ингээд цагдаад өгөхөөс өөр аргагүйд тулж Налайхын цагдаад тушаасан. Гяндан хүлээгээр хүлүүлсэн залууг цагдаагаас шууд Ганц худагт хүргэсэн ч хөх няц болсон хүнийг авахгүй гэсэн гэнэ. З.Г-О нь экс хилчинд Оюутолгойд ажилд ороход бүртгэлийн хураамжид 285 мянгөн төгрөг төлдөг  гэжээ. Ингээд 21 хүний хураамж болох 5,9 сая төгрөг л авсан, харин Ё.Мэ цаад хүмүүсээсээ 2,5 саяыг авсан байсан гэж мэлзжээ. Шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд экс хилчинд нэг жилийн хорих, нөгөө хоёрыг нь 1,4-1,5 сая төгрөгөөр торгох болон нийтэд тустай хөдөлмөр хийлгэх ялаар шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ