alim.mn | 2025.06.09
Цэрэг дайчилгаанаас зугтсан орос залуу Арц суурь боомтоор хил явган нэвтрээд баригджээ

2002 оны 6-р сарын 04-ний өдөр ОХУ-ын Красноярск хотод төрсөн, 20 настай, эрэгтэй Д.В.Д нь Монгол улсад орох, гарах эрхийн баримт бичиггүйгээр Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн ... дугаар тэмдэгтийн хэсгээр Монгол улсын хилийг зохих зөвшөөрөлгүйгээр явганаар нэвтэрч,хилийг хууль бусаар нэвтрэх  гэмт хэрэгт холбогджээ. Манай хилчид хилийн ... дугаар тэмдгийн баруун талаар 500 м газраар ОХУ-ын талаас Монголын тал руу хил давсан явган хүний ул мөрийг илрүүлжээ. Эрлийн бүлэг шуурхай гарч Заяагийн Дөрөлж чиглэлд саарал өнгийн авто машинтай ОХУ-ын иргэдийг саатуулж баримт бичгийг шалгахад хоёр иргэн нь Арц суурь боомтоор өөрийнхөө хүчин төгөлдөр баримт бичгээр штамп даруулж улсын хил нэвтэрсэн, нэг иргэн нь гадаад паспорт байхгүй байжээ. Гадаад иргэдийг ангийн байрлалд авч ирэн шалгалтын ажиллагаа явуулахад ОХУ-ын Красноярск хотод оршин суудаг, Д.А.А, Д.Д.Д, Д.В.Д нар болохыг тогтоосон. Дээрх иргэдээс мэдүүлэг авахад ОХУ-д цэргийн дайчилгаа зарласантай холбоотой цэргийн албанд явахаас татгалзаж дайчилгаа намдтал Монгол улсад байх зорилгоор ирсэн талаараа хэлжээ. Хил зөрчигч Д.В.Д нь гадаад паспортгүй учраас хилийн боомтоор нэвтрэх боломжгүй тул улсын хилийг явганаар хууль бусаар нэвтрэхээр шийджээ. Тэрээр хилийн ... дугаар тэмдгийн баруун талаар 500 метр газраар бусдын нүднээс нуугдахын тулд жалгатай, судгаар өгсөж орж иржээ. Хил зөрчигч “би ОХУ-д байгаа хөгжлийн бэрхшээлтэй, 18 настай дүүгийнхээ иргэний үнэмлэхийг авч явсан, манай улсад 20 нас хүрмэгц иргэний паспорт шинэчилдэг тийм учраас өөрийнхөө паспортыг шинэчлүүлэхээр өгсөн байсан, цэргийн дайчилгаа болж байгаа учраас шинэ паспортаа авахаас айгаад дүүгийн иргэний паспорт аван гэрээсээ яаран гарсан” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ