Сүүлийн үед ББСБ-ын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт чангарчээ. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ”, хэрэв банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн бол Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус хуульчилсан. Тэгвэл “Н ф к ББСБ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт зөвшөөрөлгүй өөрийн салбарыг нээн ажиллуулж байсан нь зээлийн гэрээ, фото зураг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдсон тул Санхүүгийн зохицуулах хорооноос 40 сая төгрөгөөр торгожээ. Тус ББСБ нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 121а байранд байрлуулахдаа тус байрын СӨХ-оос зөвшөөрөл авч байршуулсан гэж тайлбарласан ч хүлээж аваагүй байна.