Сангийн сайдын 2022 оны 2-р сарын 16-ны өдрийн 42-р тушаалаар “Битүүмжлэгдсэн тээврийн багийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүрдүүлэх материалын шаардлагыг хангуулах, үзлэг тооллого хийж танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдаж Өмнөговийн Цагаан хадад нүүрс тээврийн компаниудыг шалгахаар болжээ. Ажлын хэсгийг Боомтын зөвлөлийн ажпын албаны дарга ахалж, ОБЕГ-аас Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан Н.Х оржээ. Тэрээр 2022 оны 3-р болон 9-р сард нийтдээ сар гаруй ажилласан. Энэ хугацаанд буюу 2-р сарын 20-ны өдрөөс мөн оны 3-р сарын 7-ны өдрийг хүртэл ажиллахдаа:
- “Б” ХХК-ийг 2022 оны 3-р сарын 1-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ба-аас хоёр сая төгрөг,
-”С” ХХК-ийг 2022 оны 3-р сарын 2-ны өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Г.Б-өөс нийт 10 сая төгрөг,
”У ” ХХК-ийг 2022 оны 2-р сарын 25-ны өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн менежер Б.Г-оос гурван сая төгрөг,
-”Т” ХХК-ийг 2022 оны 3-р сарын 4-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-өөс хоёр сая төгрөг,
-”Т” ХХК-ийг 2022 оны 3-р сарын 21-ний өдөр шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Б.О-оос нэг сая төгрөг,
-”И” ХХК-ийг 2022 оны 2-р сарын 22-ны өдөр, 3-р сарын 4-ний өдрүүдэд шалгаж тэнцүүлсний хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч М.Б-ээс өөрийн найз М.Б, өөрийн дүү М.Э-ийн дансаар нь дамжуулан зургаан сая төгрөг авчээ. Мөн оны 9-р сард ахин уг ажлын хэсэгт орж ажиллажээ. Ирээд 10-р сард нь “Lexus RX450h” загварын тээврийн хэрэгслийг өөрийн эхнэр Д.Ц-гийн хамаарал бүхий Ц.Г-ийн нэр дээр 78 сая төгрөгөөр бэлнээр худалдан авчээ. Машин зарсан иргэн “... машин авч байгаа хүн өөрийгөө ОБЕГ-д ажилладаг, дарга хийдэг гэсэн. Тэгээд төрийн албанд ажилладаг тул нэр дээрээ машин авч болохгүй, дүүгийнхээ нэрээр авна гэсэн. Би 83 сая төгрөгт зарна гэхэд буулгачих, мөнгө бэлэн гэхээр нь 78 саяд зарахаар тохиролцсон. Нийт 78 сая төгрөгийг бэлнээр шууд тоолж өгсөн...” гэжээ. Мөн эхнэрийнхээ нэр дээр хоёр өрөө орон сууц захиалах гэрээг байгуулан бас л бэлнээр 82,7 сая төгрөг өгчээ. Тэрээр машин болон байр худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд ОБЕГ-ын экс ахлах мэргэжилтэнг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, өөрийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг найман жилээр хасаж 38 сая төгрөгөөр торгожээ. Тэрээр торгуулийг хуульд заасан 90 хоногт багтаан төлөх боломжтой гэсэн байна.