Өвөр Монголын Хөлөнбуйрт төрсөн Зоригт/ZHAORIGETU/, Монголын иргэн Б.Б нар нь бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах “ГААС” компанийн жоншны үйлдвэрийн ойролцоо БНХАУ-ын иргэн Мэй Юухао/MEI YUQIAO/-г хүчээр машинд суулгаж 500 мянган юань өг эсхүл “Гаас”-ийн “Аптангалт шувуу” компанитай байгуулсан гэрээг цуцлан, өөр компаниар шинэчлэн гэрээ хийлгэх, өөртөө цалин хөлс, хувь олгох, өөрөөсөө мөнгө зээлсэн тухай зохиомол бичвэрүүд дээр гарын үсэг зурахыг шаардаж толгой, нүүр, цээж, гуя орчимд цохин хүч хэрэглэж, мөн “Монголд нэг хятадыг алахад амархан шүү” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, дансаараа 100 мянган юань шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт үйлдлийг санаачилсан, удирдан зохион байгуулж, гүйцэтгэсэн хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай тухай хохирогч ийн ярьжээ. Тэрээр 2019 онд Монголд ирж хөрөнгө оруулалтын судалгаа хийхээр ирээд Зоригттой танилцжээ. Монголд удсан өвөрмонгол Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хайлуур жоншны хүдрийн баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах санал тавьсан. Мэй үйлдвэрийг үзээд эзэн Батбаяртай нь хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохирч “Алтангалт шувуу” компанийн нэрээр 300 саяын хөрөнгө оруулсан гэнэ. Хөрөнгө оруулсаны хувьд бүтээгдэхүүний 80 хувийг авахаар тохирчээ. Энэ үйл ажиллагаанд Зоригт орчуулагчаар ажиллаж сард 6000 юанийн цалин авахаар болов. Мөн нэмэлт урамшуулал маягаар нэг тонн нунтаг баяжмал тутамд 10 юань авахаар тохиролцсон. Ингээд үйлдвэрлэл эхэлж Хятадаас зургаан мэргэжилтэн иржээ. Ажиллах явцад Зоригт бүрэн орчуулахгүй, сэтгэлд хүрэхгүй байсан тул Мэй Улаанбаатар хотоос өөр орчуулагч олж авчээ. Удалгүй халагдсан орчуулагч нь залгаж “чи үйлдвэр дээрээ хүлээж байгаарай, Батбаяр захирал очно гэж байна” гэжээ. Гэтэл Зоригт гаднаас хоёр монгол хүн дагуулан хүрч иржээ. Тэд хятад ажилчдын байр луу оронгуутаа Гадаадын иргэн, харьяатын нэрээр бүгдээс нь паспортыг хураан авчээ. Мэйг ч паспортоо өг гэж шаарджээ. Өгөхгүй гэхэд Зоригт хятадаар “чи миний үгэнд орсонгүй” гээд багалзуурдан хоёр шанаадаад чирч гарган хар өнгийн “Хьюндай” загварын машинд суулгажээ. Шинэ орчуулагчийг ч суулгасан байна. Машин үйлдвэрээс гарч баруун хойд зүгт тал руу яваад зогссон. Энэ зуур өвөрмонгол нь хятадыгаа гайгүй сайн нүдсэн гэнэ. Машин зогсоод шинэ орчуулагийг буулгаад Мэйгийн гар тусыг булааж авчээ. Ингээд арын суудалд монгол өвөрмонгол хоёр хятад иргэнийг голдоо суулгаад ахин нүджээ. Үхтлээ айсан Мэй юу хүсээд байгааг нь асуухад 500 мянган юань нэхэж “Монголд нэг хятадыг алахад амархан шүү” гэж сүрдүүлжээ. Мөнгө өгөхгүй бол “Гаас”-ийн “Алтангалт шувуу”-тай гэрээгг цуцлаад гэрээг цуцлаад миний хэлсэн компанитай гэрээ байгуул, үүнийгээ бичиж өг гэжээ. Хятад иргэн бие муу, бичиж чадахгүй гэхэд Зоригт өөрөө хятад хэлээр “Би “Гаас”-ийн “Алтангалт шувуу”-тай хийсэн гэрээг цуцалж байна, ахиад өөр компанийг оруулж баяжуулах үйлдвэртэй хамтран ажиллана, тэгээд шинээр хамтын ажиллагааны гэрээ байгуулна, хэрвээ үүнийг зөрчвөл 500 мянган юанийн төлбөр төлнө” гэж бичээд хүчээр гарын үсэг зуруулжээ. Мөн 200 мянган юань өгнө гэсэн өрийн бичиг хийж өг гэж тулгасанд гар утсаар ВиЧатаар холбогдон нэг найзаараа Зоригтын хятад данс луу 100 мянган юань шилжүүлжээ. Үүний дараа Мэйг үйлдвэрт буулгаад Зоригт “хэрвээ чи цагдаад мэдэгдэх юм бол ална шүү, Монголд хүн алах амархан” гэж “анхааруулжээ”. Айсан Мэй тун удалгүй нутаг буцжээ. Гэсэн ч эргэж ирээд цагдаад гомдол гаргасан. Мөрдөн байцаалтанд удсан энэ хэргийг шүүх саяхан хэлэлцэж өвөрмонгол Зоригтыг 38 сая төгрөгөөр торгож, харин монгол иргэнд хоёр жилийн хорих ял оноогоод Өршөөлийн хуульд хамруулжээ.