Санхүүгийн залилан, сүлжээний луйврын сэрэмжлүүлэг мэдээлэл гарсаар байгаа ч иргэд богино хугацааны өндөр ашигт амлахад л баланд татагдах зөгий мэт хууртагддаг хэвээрээ л байна. 2018 оны 11 дүгээр сарааср цахим сүлжээгээр "HIGH LEVEL INVESTMENT" гэсэн хаягаас “манай байгууллагатай хамтран ажилладаг хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байна. "HIGH LEVEL INVESTMENT" ХХК нь смарт брокерс даатгалын зуучлах байгууллагатай хамтарч албан ёсны мэргэжлийн даатгалын гэрээг үзэглэлээ. Таны хөрөнгө 100 хувь эрсдэлгүй боллоо” гэсэн постыг цацжээ. Үүний дагуу хохирогч иргэн нь Х.Х нь 2019 оны эхээр Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Монре даатгалын 3 давхрын 301 тоотод тус компанийн ерөнхий захирал Булгантамир, гүйцэтгэх захирал Наранбаатар нартай уулзжээ. Хоёр захирал “манай компани нь олон улсын хөрөнгийн зах зээлийн ажлын 10 жилийн туршлагатай учир итгэл даасан хамтын ажиллагааг хөрөнгө оруулагч нарт санал болгож ажиллая, хэрэв та хөрөнгө оруулах юм бол нийт үнийн дүнгийн 5 хувийн ногдол ашгийг cap бүр авна гэж итгүүлжээ. Ингээд хохирогч нь 93 сая төгрөгийг 4 сарын хугацаатай гэрээ байгуулан хөрөнгөө “өсгөхөөр” оруулжээ. "HIGH LEVEL INVESTMENT" нь эхний нэг сарын5 хувийн ашиг болох 4,6 сая төгрөгийг өгөөд таг болжээ. Энэ компанийн талаар Санхүүгийн зохицуулах хорооныхон ч сонсжээ. "HIGH LEVEL INVESTMENT" ХХК нь фэйсбүүк хаягаараа хүмүүсээс мөнгө татах зар сурталчилгаа хийгээд байхаар нь ерөнхий захирлыг нь дуудаж уулзсан байна. Ерөнхий захирал нь "Олон улсын хөрөнгийн зах дээр ажиллаж сан байгуулж хүмүүсийн мөнгийг өсгөж өгнө” хэмээн үйл ажиллагаагаа тайлбарлажээ. Даатгалтай эсэхийг нь асуухад "Ард даатгал" ХК-тай гэрээ байгуулсан гэжээ. Ерөнхийдөө хамтранн ажиллах гэрээ байгуулж, 25 тэрбумын үнэлгээ гаргуулж, 17.800.000 төгрөгөөр даатгал хийлгэсэн гэнэ. Гэхдээ хамгийн гол нь болох үйл ажилагаа эрхлэх зөвшөөрлөө аваагүй манаргаж явжээ. Удалгүй СЗХ-ны вэб-сайт дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын тухай сэрэмжлүүлэг мэдээлэл гарахад "HIGH LEVEL INVESTMENT"-ийн нэр оржээ. Мэдэгдэл гарсанаас хоёр хоногийн дараа 93 сая төгрөгөө өгсөн хохирогч нь эхнэрийн хамт давхиж орж иржээ. Тус компани нь ерөнхий болон гүйцэтгэх захирал гэсэн хоёр хүний бүрэлдэхүүнтэй байжээ.