Өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан Н.Х нь нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр болох О.А-г үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн” гэх хэрэгт шалгуулж байхдаа Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ц.Н-д 800 мянган төгрөгийн хахууль өгчээ. Болсон явдлын тухай гэрч “... Бэр А-г зодсон, хүчиндсэн хэрэгт мөрдөгч Н нь Х-г дуудаж мэдүүлэг авсан. Ирээд “ ... мөрдөгч хоёр сая төгрөг өгчих гэж байна. Тэгээд миний хэргийг хаагаад өгье гэж байна, яах вэ хөгшөөн ...” гэжээ. Би тухайн үед хүүхдүүдийнх нь аав хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн гэхээр муухай юм гэж бодоод мөнгө байхгүй байхад яаж өгөх юм бэ гэхэд Х самарт яваад олоод өгье гэсэн. Үүнээс хойш Х-г хааяа нэг дуудаж уулзаад байдаг байсан. Цагаан сарын өмнө мөрдөгч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах манай гэрт ирсэн. Тэр үед Х энэ пиво уугаарай гээд 10 орчим лааз Сэнгүр нэртэй лаазтай пиво өгсөн. Тэгээд бид хоёр Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш цагаан сарын дараа нэг өдөр өглөө мөрдөгч 88-тай дугаараас миний утас руу залгаад Х-тай ярья гээд ярьсан. Х яриад “мөнгөө гэж байна, яах вэ” гэсэн. Тэгсэн Х өөрийнхөө төрсөн дүү Б руу утсаар яриад нэг сая төгрөгийг гуйж өөрийнхөө .... дугаар дансаар авсан. Орой 16-17 цагийн үед мөрдөгч манай гадаа ирээд залгаж Х гараад ойролцоогоор 30-40 орчим минут болоод орж ирсэн. Орж ирээд мөрдөгч бас санаатай байна шүү, данс руугаа хийлгэхгүй, урд дэлгүүрийн авгайн данс руу хийлгэж, тэндээс мөнгөө авч байна, би түүнд 800 мянган төгрөг өглөө, 200-г аваад үлдлээ гэсэн. Мөрдөгч Х-г тэдэн цагт ир, ирэхгүй бол болохгүй байна гэж дууддаг байсан. Тэгэхэд Х би юмаа өгснийхөө дараа энэ мууг яавал ч яана гээд дандаа заналхийлдэг байсан...” гэжээ. Хөөрхий бэрийг хадам ээж нь зодож, хадам аав нь хүчирхийлсэн нөхцөл байдал үүссэн гэнэ. Шүүх экс мөрдөгчийг зургаан сая, бэрээ хүчирхийлсэн хэргийн сэжигтэнг дөрвөн сая төгөргөөр торгожээ.