alim.mn | 2024.12.26
Гаалийн байгаль орчны байцаагч “Пик урал”, “Соргийн говь компаниас долоон сая төгрөгийн хахууль авчээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газарт Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч С.Э нь хахууль өгөгч Б.Ч-ийн төлөөлсөн  "Пик урал", "Соргийн говь" компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зэрэг зөрчилд шийтгэл оногдуулахгүй байдлаар 7,5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардан долоон сая төгрөгийг авчээ. Дээрхи компаниуд нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүр нэг хашаанд байрладаг байжээ.  Шалгалтаар газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дүгнэлтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөөгүй гэсэн гурван зөрчил хоёр компанид илэрсэн байна. “Пик урал” компаний менежер Б.Ч нь  “... Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн бичиг баримт нь угаасаа манай компанид байхгүй учраас Гашуунсухайт боомтын мэргэжлийн хяналтад ажиллаж байсан Э ах руу утсаар холбогдоод “Манай компани дээр мэргэжлийн хяналтаас шалгалт ирлээ. Нэхээд байгаа байгаль орчны үнэлгээ нь манайд байхгүй. Та байгаль орчны үнэлгээг нь гаргаад өгөх боломж байна уу?” гэж асуусан чинь Э “наадах чинь шууд гардаг зүйл бишээ. 2-3 сар судалгаа хийж байж гаргадаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та тэгвэл энэ шалгалтыг аргалаад өгөөч ээ, манайд торгууль тавина гээд байна. Торгууль нь таван сая төгрөг гэж байна” гэсэн. ...viber-аар холбогдоод 2.5 сая төгрөг өгчих. Энэ мөнгөөр чинь зохицуулаад дараа нь үнэлгээ гаргадаг хүмүүстэй холбоод өгье” гэж хэлсэн. Би тухайн үед энэ хоёр компанийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж ажиллаж байсан. Уг нь Э-д 7.5 сая төгрөг өгөх ёстой байсан ч надад 500 мянга  хэрэгтэй байсан болохоор тус мөнгийг аваад үлдчихсэн юм..." гэжээ. Шүүх гаалийн байцаагчийг 10 сая, менежерийг долоон сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ