Газар тэр тусмаа дархан цаазат гэх Богдхан уулын бүсэд газар авах нь том ажил биз. Тэгвэл эрх мэдэлтэй бол тун амархан авдаг аж. Богдхан дархан цаазат уулын хамгаалалтын газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.М нь найз Н.Б бичиг баримтыг ашиглан түүний нэрээр Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.12 га газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг ажпын байрандаа бүрдүүлж, улмаар хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг БОАЖЯ-нд хүргүүлж, сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн аманд 1263 м.кв газрыг ашиглах эрхийг олж авчээ. Эхний газраа авсанаас хойш дөрвөн сарын дараа найз Б.Б-гийн үүсгэн байгуулсан “И эн эс” компанийн бичиг баримтыг ашиглан Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 10.000 м.кв газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг хуурамчаар бүрдүүлэн тус хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан бичгээр тухайн газрыг ашиглахыг дэмжсэн саналыг БОАЖЯ-нд хүргүүлж ахин сайдын тушаал гаргуулаад авсан аж. Дархан цаазат газарт 0,12 га газартай болсон найз нь Н.Б нь “... Миний багын найз Г.М Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар хариуцсан мэргэжилтэн ажилтай. 2020 оны дундуур “бичиг баримтаа өгч бай, газар авах гэсэн юм” гээд авсан. Дараа нь БОАЖЯ-наас утасдаж газар ашиглах гэрчилгээ гарсан ирж аваарай гэж хэлсэн. Надад газрын төлбөр төлөөрэй гэсэн мэдээлэл ирж байсан...” гэжээ. Хүрэлтогоотод нэг га газартай болсон “И эн эс" компаний захирал “...Миний компанийн гэрчилгээ болон компанийн дүрэм М-д байсан. Түүний хэлсэнээр би компанийн үйл ажиллагааны чиглэл дээр аялал жуулчлалыг нэмсэн. Манай гэрийн гадаа ирж 2.1 сая төгрөг, 1000 доллар өгөөд “тэмдэгтийн хураамж төлөөрэй” гэсэн. Би мөнгөө тушаагаад төлбөрийн баримтаа барьж очоод БОАЖЯ-ны нэг цэгийн үйлчилгээнээс Хүрэлтогоотын аманд нэг га газар ашиглах зөвшөөрөл олгосон гэрчилгээг авсан...” гэжээ.