alim.mn | 2025.06.08
Дүүргийн дарга Н.Алтаншагай “шат” ахиж Японд болсон хотын дарга нарын хуралд оролцжээ

Өнгөрсөн сард Японы нийслэл Токиод “Тогтвортой хөгжлийн төлөөх хотуудын хамтын ажиллагааны GNETS” хотын дарга нарын хурал бараг 10 хоног болж өнгөрчээ. Хуралд зөвхөн хотын дарга оролцоно гэдэг нь нэрнээс нь л тодорхой. Гэтэл манайхаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэмээх шав хийсэн залуу очжээ. Хотын дарга гээд байхад дүүргийн дарга ирсэнд зэрэг зиндааг айхтар барьдаг япончууд гайхсан биз. Гэхдээ манай төрийнхөн гадныханы амыг ангайлгаж дуусах биш. Дүүргийн Засаг даргын зиндаа ахисан “айлчлал”-д 6,8 сая төгрөг зарлагаджээ. Болсон явдал нь нийслэл хотын гадаад харилцаа эмх замбараагаа алдаж, хэн дуртай нь төсвийн мөнгө үрээд хаашаа ч хамаагүй явдаг болсоныг харуулж байна. Ер нь өнгөрсөн 2-р сард Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ынхан гадаад харилцаагаар амьсгалжээ. Дүүргийн дарга нь хотын даргыг дагаад 4,2 сая төгрөгөөр Бээжин яваад иржээ. Орлогч дарга хатагтай нь бүр 20 сая төгрөгний томилолтын төсвтөйгээр  Улаан-Үд явсан байна. Түүнээс гадна тамгын газрын долоон ажилтан Вьетнамын Дананг хотод долоо хоног туршлага “судлаад”, сургалтанд “суугаад” иржээ. 40 гаруй сая төгрөгний өртөгтэй энэ гадаад томилолтонд тодорхойгүй зүйл их байна. Ямар туршлага судлах, ямар сургалтанд суух нь мэдэгдэхгүйгээс гадна Н.Алтаншагай даргын гарын үсэгтэй захирамжинд гадаад томилолтын тушаалд бүрд байдаг ирээд тайлан тооцоо тавих тухай нэг ч үг өгүүлбэр алга. Энэ нь зугаалганд яваад ирсэн гэх хардлагыг төрүүлж байна. Сүүлийн үед манай төрийнхөн туршлага судлах нэрээр татварын мөнгөөр Турк, Вьетнам явж зугаалах нь ихэссэн. Энэ мэтчилэн Сонгинохайрхан дүүргийн дарга нар зөвхөн 2-р сард гэхэд л 70 гаруй сая төгрөгийг гадаадад үрээд иржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ