Сүүлийн үед хахууль зуучлагсад дундаас нь унагах нь ихэссэнд хахууль өгөгчид болон авагчид “гомдолтой” байна. Өнгөрсөн онын хавар нийслэлийн Замын хөгжлийн газраас зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай 830 метр автозам тавих 1,4 тэрбумын өртөгтэй тендерт “Мега Титан” компани оролцохоор болжээ. Гэхдээ техник хэрэгсэлийн тооны хувьд шаардлага хангахгүй байжээ. Ингээд компанийн инженер Б.Мишигдорж сайн найз болох Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Одхүү “...манай компанийг сонгон шалгаруулахгүй унагах гээд байна, чи үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байгаа Ариунаад манай компанийг дэмжээд өг гэж хэл, өгөх юмыг нь өгнө” гэжээ. Ариунаа нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны зам, замын байгууламж хариуцсан яг хэрэгтэй хүн нь байжээ. Өгөх юм гэдэг нь 13 сая төгрөг байсан. Ингээд Д.Одхүү замын тендерийн Үнэлгээний хороонд орсон А.Ариунаа руу залгаж “тендерт орж байгаа Мега Титанг дэмжээд өгөөч, техникийн жаахан асуудалтай юм” гэжээ. Ингээд хурал болоход хэдий техник хэрэгсэлийн тоо 70 хувьдаа хүрээгүй ч ялаад гараад иржээ. Хурлын дараа Ариунаа Одхүү рүү залгаж үүргээ биелүүлсэнээ илтгээд хариуд нь “найз нь чамайг урамшуулна” гэсэн чихэнд чимэгтэй үг сонсжээ. Урамшуулал нь таван сая төгрөг байсан агаад байрны засвардаа хэрэглэжээ. Харин Одхүү нь “унагасан” найман саяа хувьдаа зарцуулаад дуусгасан гэнэ. Шүүх зам хариуцсан мэргэжилтэн эмэгтэй болон “Титан мега” компаний инжежерийг зургаан сая, боловсролын түшмэлийг 5,4 сая төгрөгөөр торгожээ.