alim.mn | 2024.12.26
Түүхийн хүрээлэнгийн туслах ЭША соёлын өв болох 17-р зууны шүншигний мөнгөн аягыг хулгайлж зараад баригджээ

Бүр Урт цагааны алт мөнгөний дарханд зарсан нь  хайлуулсанаар 1630 оны үед бүтээгдсэн байх магадлалтай түүх соёлын үнэт биет өв ийнхүү дахин сэргэхгүйгээр устжээ. Уг шүншигний мөнгөн аягыг 2018 онд Дорноговь аймгийн Их хэт суманд явуулсан археологийн малтлага судалгааны ажлаар илрүүлж шинжээчид 45,6 сая төгрөгөөр үнэлжээ. Харин туслах ЭША С.О нь ердөө 228-хан мянган төгрөгөөр заржээ. Худалдаж авсан алт мөнгөний дархан нь “...2022 оны 4-р сарын 4-ны өдөр 19 цагийн үед манай нөгөө өрөөний дархан 30 орчим насны намхан биетэй шар царайтай залуу дагуулаад ирсэн. Тэр залуу 15 см орчим диаметртэй цэвэр мөнгөн аяга зарна гэж харуулсан. Тухайн аягыг үзэхэд эргэн тойрондоо хонхойсон, эдэлгээний сэвтэй, хуучин бүдгэрсэн хээтэй, 150 грамм буюу дөрвөн лан жинтэй байсан бөгөөд нэг граммыг нь 1500 төгрөгөөр тооцож нийт 228 мянган төгрөгөөр худалдаж авах санал тавихад зөвшөөрсөн. Маргааш нь би тэр аягыг хайлуулж мөнгөн аяга хийгээд 600 мянган төгрөгөөр зарсан. Гурав хоногийн дараа аяга зарсан залуу ирээд аав аягаа нэхээд байна гэхэд нь хайлуулсан талаар хэлэхэд дуурайлгаж хийлгэж болох уу гэж асуусан...” гэжээ. Түүхийн хүрээлэнгийнхэн аяга алга болсоныг 4-р сарын 08-ны өдөр мэджээ. Тэр даруйд нарийвчилсан хайлт хийж, хяналтын камер шүүгээд юм гарсангүй. Сан хөмрөгч эрдэм шинжилгээний ажилтан С.О түлхүүрийг хэд хэдэн удаа авч ашигласан талаар хэлжээ. Ингээд түүнээс тулган асуухад өрөнд орсон тул аягыг авч барьцаанд тавьснаа хэлж маргааш өдөр нь авчирна гэж амлажээ. Маргааш орой нь дуурайлгаж хийсэн нь илт аяга авчирч өгсөнд цагдаад хандсан байна. Шүүх туслах ЭША-г 3,6 жилийн хорих ялаар шийтгэж 47 сая төгрөг гаргуулан Түүхийн хүрээлэнд өгөх шийдвэр гаргажээ. Түүхийн хүрээлэн уг мөнгөн аягыг Чингис хааны музейд өгөхөөр төлөвлөж байсан ч сан хөмрөгийн түлхүүр олон хүнд байдаг, чөлөөтэй авч болдог зэрэг хадгалалт хамгаалалт муугаас ийн үүрд алджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ