Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, ... гэх газарт оршин суух 51 настай Амарсайхан, 50 настай Оргодол нар нь бүлэглэж өргөмөл хүү болох есөн настай А.Б-г зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, хоёр дал, зүүн шуу, өгзөг, хоёр гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шалтгаангүйгээр хүйтэнд гэрээсээ нимгэн хувцастай нь хөөж гаргах, хоол унд өгөхгүй байх, байнга харааж зүхэх, морины хусуураар гар луу нь цохих, байнга зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Насанд хүрээгүй хохирогч А.Б нь “...Энэ айл намайг өргөж авсан. Ирэхдээ зургаан настай байсан. Би гэртээ 10 хүртэл унтдаг байсан, энд ирэхэд долоон цагт сэрээсэн. Тэгээд зодоод байдаг, чихэр боов ааруул хэлэхгүй авахаар зоддог. 2-3 хоног хоол өгдөггүй. Нимгэн хувцастай гэрээсээ гаргасан. Өргөж авсан аав сураар гуядсан, сандал дээр зогсоогоод миний хурууг гэрийн унинд уяж сандлаа шууд татчихсан, энэ хуруу мэдээгүй болсон /чигчий хуруугаа заав/. Анх намайг сураар гар руу гуяддаг байсан, сүүлдээ хусуураар цохидог болсон. Гар хөхрөөд арилсан, нүд бас хөхөрсөн. Өргөж авсан ээж согтуу ирээд аргал түүгээгүй байна гээд зодсон, униар цохисон /би уул нь аргал түүчихсэн байсан/. Долоон настай байхад аав ээж хоёр дүүг аваад аймаг руу мотор янзлуулахаар явахад гэртээ ганцаараа хонио хараад үлдсэн. Тэр өдөр тэнгэр муухайрсан, маргааш нь аав ээж хоёр ирж хонио тоолоод 20 хонь байхгүй байна, олж ир гээд намайг хөөсөн. Алдсан хонио надаас нэхээд байдаг. Би хаанаас олж өгөх юм бэ. Өвөл уралдааны морь унаж байгаад чихээ хөлдөөчихсөн. Түрүүлээгүй гээд зоддог. Аав ууртай босож ирээд хөлдсөн чихнээс татсан. Аав утасныхаа камерыг асааж гэрлээ асаалттай орхиод өглөө болтол сандал өргүүлж зогсоодог. Би өглөө болохыг маш их хүлээдэг. Заримдаа сандлан дотор алх дөш хийгээд өргүүлдэг. Би аймаг руу зугтааж байгаад ээжид баригдсан. Тэгээд сандал өргүүлж пийшингийн хажууд ойрхон зогсоосон, тэр үед их гал түлээд миний гэдэс түлэгдчихсэн. Би аяга таваг угаана, хог шүүрдэнэ, шал угаана, нүүрс хагална, хөрзөн хагална, ус зөөнө, аргал түүнэ, хонинд явдаг. Өглөө таван цагт босгож гал түл гэдэг, аргалын саваа орой болгон дүүргэдэг, заримдаа дүүргэх аргал байхгүй бол уурлаж загнаж зоддог...” гэжээ. Өргөмөл хүүгээ зоддог гэдгийг холбогдох албаныхан мэддэг ч баримт байгаагүй гэнэ. Тэр баримтыг нь туслах малчин нь бичлэг хийж гаргаж иржээ. Тэрээр “...Би Дорноговь аймгаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг ... гэх газар нутаглах Амарсайханы гэрт мал маллахаар гэрээ байгуулж хүрч ирсэн юм. Намайг ирсэнээс хойш Амарсайхан нь эхнэр Оргодолын хамт өргөмөл хүүхэд Б-ийг дэндүү зодож, нүдэж дарамтлаад байсан. Толгой түрүүгүй өшиглөж, шилэн хүзүү рүү нь цохиод, хоол унд ч өгөхгүй 2-3 хонуулдаг. Надаас идэх юм байна уу гэхээр нь хоол өгөх гэхээр өмөөрлөө гэж загнадаг. 11-р сарын 7-ны орой 19 цагийн үед зүгээр байсан чинь гэрээс хөөж гаргасан. Ер нь байнга зодож цохидог, п...да н...хуу гэж хараадаг. Гарыг нь дэлгэж байгаад морины хусуураар цохиод хурууг нь хугалчихсан. Тэр хусуураар их зоддог. Ямар ч байсан нэг хурууг нь хугалсан. Морины хусуураар чихийг нь цохиод сэтэлчихсэн. Байнга шилэн хүзүүн дээр нь цохиж унагана. Хажуугаар нь гарахдаа өшиглөнө. Есөн бусын хэл амаар доромжилно. Ямар ч учир шалтгаангүй байхад л тэгээд байдаг. Өглөө эрт таван цагт өшиглөж босгоод “гал түл муу хулгайч” гэж харааж цохидог. Амарсайхан, Оргодол нар их муухай ааштай. Хүний хэлж ярьж байгааг ойлгох чадваргүй. Би ирээд хэдхэн хоноход л ийм асуудал болсон. Энэ байдлаараа удах юм бол хүн амины хэрэгт орох нь гэж бодсон. Ийм дарамттай хүүхдийг хараад тэсэхгүй юм байна лээ. Сүүлдээ элэг эмтрээд бичлэг хийгээд цагдаад өгсөн. Энэ хүүхдийг Амарсайхан, Оргодол нараас хурдхан салгаж авахгүй бол ганц ч өдөр тайван унтаж чадахгүй...” гэжээ. Гэрч нарын мэдүүлснээр дөрвөн жлийн өмнө мариалаг, сэргэлэн хүү ирсэн бол айдастай, түгшүүртэй, маш их турсан, хиртэй сайртай болжээ. Зарим нь нүд хальтрам хэмээсэн. Шүүх Амарсайханг хоёр жил хорих, Оргодолыг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.