Ийм нэгэн “айхтар” хэрэг гарчээ. 54 настай эмэгтэй Ж.А нь 32 настай Н.О-н гэрт очиж түүнийг нөхөртэй нь дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны болон бие махбодийн хохиролд 25 сая төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг үйлдэхдээ танил эрэгтэй хүнтэйгээ бүлэглэжээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... орой 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 2-р хороо ... тоотод гэртээ байхад хаалга хүн цохихоор нь тайлахад А гэдэг надад мөнгөний өртэй залуу зогсож байхаар нь гэртээ оруулсан. Удалгүй таван минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь тайлтал өндөр махлагдуу эмэгтэй танайд орох гэсэн юм гэхээр нь би танихгүй гээд хаалга хаах гэтэл А намайг араас татаж тэр эмэгтэйг гэрт оруулсан. Тэр эмэгтэй орж ирэнгүүтээ намайг заамдаж хоолой боож, элэг рүү 2-3 цохисон, үснээс зулгаагаад орон дээр суулгасан. А-д зурагтын дууг чангал гэрийн түлхүүрийг ав, утсыг нь ав гэхэд зурагтын дууг чангалж, гэрийн түлхүүрийг ширээн дээрээс авсан. Бас үзэг цаас олоод аваад ир гэхэд А миний цүнхийг уудалж үзэг цаас гаргаж ирсэн. Тэр эмэгтэй чи манай нөхөртэй унтаж хэвтсэн, би сэтгэл санаа болон бие махбодийн хохирол амссан. Тэр хохирлын төлбөрд чамаас 25 сая төгрөг авна, чи надад 25 сая төгрөг өгнө гэж албан ёсоор бичиж өг гэсэн. Би бичиж чадахгүй гэхэд элэг рүү ахин гурван удаа цохиод босох гэтэл толгойгоор хана мөргүүлсэн. Хутга аваад ир гэж хэлэхэд А халааснаасаа гаргаж өгсөн. Тэр эмэгтэй одоо бич, бичихгүй бол хутгална шүү гэсэн. Тэгээд сейф үзэх гээд намайг тавихаар нь би зугтаж гэрээс гарсан. 106 тоотоос хүн гарч ирэхэд тэр хоёр шатаар буугаад зугтаад явсан. Маргааш нь гар утасныхаа дугаарыг сэргээлгэхэд мессежээр намайг дарамталсан...” гэжээ. Ирсэн меэссэж нь “миний эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирлыг хэзээ барагдуулах гэж байна, эсвэл би очих уу”, “...хөөе янхан жингэр минь гурав хоногийн дотор таван сая төгрөг хий, чи надаас зугтааж чадахгүй шүү, миний мөнгийг гурав хуваагаад нийт 15 сая төгрөг хий, надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна, чамаас болж хоёр хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтэж байна янхан авгай минь би удаан хүлээхгүй шүү, сайхан мэдээрэй...” гэсэн байжээ. Дараа нь залгаж “янхан авгай минь ална шүү, хажууд чинь ойрхон байна, чи 32-ын тойргийн дээшээ “Сод монгол” бензин колонкийн зүүн талд байдаг нийтийн байран дээр ирж мөнгөө өг, би танай байрны хажууд байна” гэхээр нь хохирогч айн гүйж яваад утсаа унагаж эвджээ. Маргааш орой нь 23 цагийн үед ахин залгаад “Янхан авгай минь би мөнгө төгрөгөө авмаар байна, чамайг хаа яваа газраас чинь олж ална шүү” гэж хэлэхээр нь айгаад утсаа салгажээ. Шүүх эр нөхрөө өөр эмэгтэйтэй унтсаны “хохирол”-д 25 сая төгрөг нэхсэн эмэгтэй, мөн “бие хамгаалагч” эрэгтэй хоёрт жилийн хорих ял оноогоод Өршөөлийн хуульд хамруулжээ.