Зүүн бүсийн нүүрсний том уурхай болох “Адуунчулуун” ХК анхнаасаа л хувьцаа зэмшигчдийн дайнтай байсан. Одоогоос гурван жилийн өмнө бүрч хурцдаж зодоон, машины зам дээр шороо асгах сүүлдээ бүлэглэн зайгаар ажилладаг дриллээр нүүрсний машины дугуйг хагалахдаа тулсан. Мөрдөн байцаалтанд удтал дуншсан энэ хэрэг саяхан шийдвэрлэгджээ. Тус уурхайн хувьцааны 51 хувийг Б.Шатар хүүгийн хамт, 18,15 хувийг гишүүн асан Ц.Шинэбаярын гэр бүл, мөн 18 хувийг “Найнги” компанийн захирал Ш.Мягмарсүрэн эзэмшдэг. 2019 онд уурхай алдагдалтай ажилласан тул хувьцааны ноогдол ашиг хувиарлаагүй. Энэ үеэс Ш.Мягмарсүрэн аав хүү хоёрыг компанийг алдагдалд оруулж, хувьцааг үнэгүйдүүлж байна хэмээн үзэж хувьцаа зэмшиж байгаа хэмжээгээр компанийг хуваах санал гаргажээ. Үүнийг нь мэдээж Б.Шатар эсэргүүцсэн. Тэгэхэд нь Ш.Мягмарсүрэн өөрийн хувьцаагаа уурхайд зарах санал гаргахад аав хүү хоёр эдийн засгийн хувьд ашиггүй гээд ахин хүлээж авсангүй. Ингээд 18 хувийнхан хувьцаа худалдан авахыг даалгах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж эхний шатанд ялсан ч давж заалдах дээр унажээ. Ийнхүү хуулиар далайлган зарах төлөвлөгөө нь бүтэлгүйдсэн тул хүчээр далайлгахаар шийдсэн. 18 хувийн талынханд хувьцаа эзэмшигч Ш.Мягмарсүрэнгээс гадна компанийх нь ажилтан, Хэрлэн сумын ЗДТГ-ын ажилтан, “Талын ат” компанийн захирал нар оржээ. Эхлээд уурхайгаас цахилгаан станц руу явдаг зам дээр шороо асган хөдөлгөөн хаажээ. Уурхайнхан шороог зайлуулсан. Хөдөлгөөн нээгдэж нүүрс зөөж эхэлмэгц 18 хувийнхан “ланд-200”-гаараа зам хааж ирээд гүйцэтгэх захирал Баясгаланд хувьцаа худалдаж авахыг дахин тулгажээ. Хэрүүл маргаан дэгдэж цагдаа ирсэн ч зам хаасан машиныг хөдөлгөж чадаагүй байна. Орой нь “Найнги” компанийн самосвал, хово ирж гараашийн хашааны хаалгыг таг хаагаад зогссон. Энэ нь “Адуунчулуун”-ы удирдлагуудыг тун хүнд байдалд оруулжээ. Уурхайн гол худалдан авагч нь цахилгаан станц агаад хэрвээ нүүрс нийлүүлэлт долоо хоногоор тасалдвал гэрээ шууд цуцлагдах аюултай. Тэгээд ч хувьцаа эзэмшигчдийн маргаан энэ гэрээнээс үүдэлтэй байсан гэнэ. Аргаа барсан уурхайнхан гараашийн хойд талын хашаагаа эвдэн нүүрс зөөдөг машинуудаа гаргажээ. Ингээд нүүрсээ тээвэрлэж байтал 18 хувийнхан "кен" дриллээр зэвсэглэн ирж нүүрс зөөдөг гурван машины нийт 11 дугуйг дриллдэж хагалжээ. Зарим машины урд талын салхины шилийг төмрөөр цохиж хагалсан. Бүхээг рүү нь дайран орж түлхүүрийг нь булааж шиджээ. Нэг жолоочийг ухаан алдтал нь цохисон гэнэ. ТҮЗ-ийн гишүүн Ганбаяр “ланд-200”-гаараа уурхайн дэд захиралын машины өөдөөсөө халз дайрч бараг мөргөлдөн алдаад зогсжээ. 18 хувийнханыг тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай багажаар бусдын өмчид халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж ялласан. Тэд ч гэм буруугаа хүлээсэн тул хоёр жил хорих ялаар шийтгээд Өршөөлийн хуульд хамруулжээ.