alim.mn | 2025.04.12
"Эзэн" Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй банкны хоёрынх нь 90 гаруй хувийг эзэмшдэг Д.Эрдэнэбилэг гэж нууцлаг эрхэм бий. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан гол тоглогч Д.Эрдэнэбилэгийг монголчууд эчнээ сайн таньдаг ч гэгээн дүрийг нь харсан хүн ховорхон байсан. Тиймдээ ч УИХ-ын нэгдсэн чуулган дээр Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын гишүүн "эзэн" Эрдэнэбилэгийг нэхэж, бүр ганц харчихаад үхэхэд гомдолгүй гэж байсан билээ. Үйл ажиллагаа нь ил тод, нүдэн дээр банк нь өргөжин, үйл ажиллагаа нь сайжирч байгаа банкны секторын 25 хувийг бүрдүүлж байгаа банкны ТУЗ-ийн даргыг хүмүүс сонирхолгүй яах вэ. Санхүү, бизнесийн хүрээнд “сахал” Эрдэнэбилэг гэж алдаршсан энэ эрхмийг олны өмнө ил гарахгүйн хэрээр тойрсон цуу яриа их гардаг байлаа. Хүмүүс улстөрч Т.Бадамжунай, Санжийн Баярын хүргэн гэж ярьдаг байсан. Харин Т.Бадамжунай “Надад тийм хөгшин хүргэн байхгүй” гэж олны амыг тагласан билээ. Улстөрчдийг эрэлд хатаагаад байсан Д.Эрдэнэбилэгийг нэг өдөр шүүхийн зөвшөөрөлгүй сүр болгон баривчиллаа. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын даргыг огт хараагүй хүмүүс “Сахал” Эрдэнэбилэг гээд л байдаг. Гэтэл сахалгүй хүн байна. Оронд нь өөр хүн бариад ирж” гэж хуулийнхныг хүртэл буруутгаж байв.

 Ийнхүү нууцлаг амьдарч ирсэн бизнесмэн Д.Эрдэнэбилэг нэг удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Д.Эрдэнэбилэг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Галуут сумын харъяатай. Социализмын үед дундаж сэхээтэн айл ямар байсан, тэр жишгээр өсөж хүмүүжжээ. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн, СЭЗДС-д Эдийн засагч мэргэжил эзэмшжээ.Хөрөнгийн биржийн анхны брокеруудын нэг. 1995 онд Хөрөнгийн биржийн хоёр дахь зах зээлийн нээлт болоход Хөрөнгийн биржийн нээлт дээр анх удаа очжээ. Үүнийгээ зөв газраа зөв цагтаа очсон хувь заяандаа талархдаг гэж ярьсан байна. Д.Эрдэнэбилэгийн шууд оролцоотойгоор өнгөрсөн 10 жилд зах зээл дээрээс 1,2 тэрбум долларын бонд, 1,5 тэрбум долларын худалдааны санхүүжилтийг амжилттай татаж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулжээ.  Д.Эрдэнэбилэгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч байсан гэж ярьдаг. Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгчтэй 15-16 настай үеийн хүүхдүүд анх нөхөрлөж байжээ.  Тэр үед машин байтугай дугуй ч байгаагүй гэж товч, тодорхой хариулж, хэзээ ч жолооч нь байгаагүй гэдгээ илэрхийллээ. Харин 40 нас хүрэхээр амьдралынхаа жамаар өөр өөрийнхөө хийх зүйлээ хийгээд явж, уулзаагүй 10-аад жил болж байгаа гэнэ.  Худалдаа хөгжлийн банкийг хувьчилж авах явц амар байгаагүй. Тухайн үеийн Монголын хаан байж, улсын нүд, чих, хамар болсон хаантай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзэж, 20 хувиараа хандив өгөхийг шаардсан гэхчлэн дэлгэрэнгүй ярилцлага өгч байв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ