Өнгөрсөн онын зуны эхээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлох туршилтын үйл ажиллагаа явуулж буй “Бадрах Энержи” компанийн уранд хордсон малын махыг Улбаанбаатар хотод “худалдаалах”, “илрүүлэх” тухай чухал төлөвлөгөө яригдсан Б.Цэгмэдийн ярианы бичлэг задарсан. Энэ тухайд компани гүтгэсэн хэмээн цагдаад гомдол гаргаж “тэмцэгчид” илт худал мэдээлэл бэлтгэн олон нийтэд тараах үйл ажиллагааг зохион байгуулахыг завдсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэрээр “... Өөрөөр хэлбэл миний ярьдаг сэдвийг бичиж аваад эвлүүлээд зохион байгуулалттай болгож тараасан байгаа. Мөрдөгч энэ эвлүүлгийг олж илрүүлсэн гэж хэлж байсан боловч шүүх дээр хэрэг ирэхэд илрүүлээгүй болж таарсан. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 10-аад худаг хордсон талаар болон тухайн сумын талаар ярьсан, харин Бадрах Энержи компанийн талаар огтхон ч яриагүй. Миний бүх бичлэгийг эвлүүлсэн талаар би баттай хэлж байна...” гэж мэлзжээ. Тэгвэл нэр бүхий сайтынхан “...2022 оны 6-р сарын сүүлээр Бадрах Энержи компанийг БОАЖЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шалгах гэж байна, сурвалжилга хийж өгөөч гэсэн нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Улаанбадрах суманд очсон. Гэсэн ч ажлын хэсгийн эрэгтэй гишүүд бүгд согтууруулах ундаа хэрэглэн ажил явагдах боломжгүй болсон учир нэг өдөр ажиллаад буцсан. Хоёр хонгийн дараа ажлын хэсгийн гишүүн Б.Цэгмэд бидэнтэй холбогдоод Улаанбадрах сумын малчид уранд хордсон тодорхой тооны хонь ямаа оруулаад ирсэн байна. Улаанбаатар хот руу орох боломжгүй учир Хонхорын мал нядалгааны газар нядлаад олон нийтэд эд эрхтнийг нь харуулъя, сурвалжлаад өгөөч гэхээр нь уранд хордсонд малуудыг нядлах үед шууд дамжуулж сурвалжилсан. Тэгээд сурвалжлага дууссаны дараа Цэгмэд Улаанбадрах сумаас хонь ямаа оруулж ирээд Дэнжийн мянгын махны ченжүүдэд өгье, үүнийгээ нууц камераар бичээд ченж худалдаж авсны дараа сэтгүүлчид гараад таны авсан мах Улаанбадрах сумын ураны хортой мах гэж хэлээд болиулъя, гол зорилго нь Улаанбадрах сумын ураны хольцтой мах хотын иргэдэд чөлөөтэй зарагдаж байж болзошгүй гэдгийг бүгдээрээ ил тод харуулъя гэж хэлсэн. Тэгэхэд нь наадах чинь бүтэхгүй, манайх мэдээний сайт тул нууцаар бичлэг хийхгүй гэж хэлээд салсан...” гэжээ. Шүүх шүүгдэгч Б.Цэгмэдийг анх удаа гэмт хэрэг үйдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан байнга оршин суух Сонгинохайрхан дүүргээс гарах эрхийг нэг сараар хасах ялаар шийтгэсэн. Энэ ял 3-р сард дууссан байна.