Ковидын хөл хорионы үед болсон энэ хэрэг удтал сунжирсаар он гараад шийдэгджээ. Тухайн үед буюу 2021 оны 4-р сарын 15-нд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа З.Б нь ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрвөн сонсогчийг дуудан ирүүлээд “...нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шороон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдаа руугаа зайлбал зайлаарай, битгий онцгойн хувцас гутаагаад бай, албаны хувцас тайлаарай...” гэх мэтээр доромжилж улмаар сонсогч Б.Б-ийн гэдэс рүү, дараа нь гараа атгаж байгаад сонсогч П.Х-г нүүр лүү нь нэг удаа, дараа нь сонсогч Б.Ө-ын гэдэс рүү нь нэг удаа, сонсогч Б.Ба-гийн баруун шанаа руу цохиж, сонсогч П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ дөрвөөс нэг сонсогч нь эмэгтэй гэнэ. Хэрэг гардаг өдөр сонсогч нар цагдаагийн байгууллагад ажилласан нь онцгойн хурандаагийн уурыг хүргэсэн гэнэ. Хохирогч нь П.Х нь “...14 цагт Онцгой байдлын газар дээр очиход хүлээн авалтын өрөөнд газрын дарга, хурандаа З.Б дуудаж байна гэхээр нь ороход бид дөрвийг нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдаа руугаа зайлбал зайлаарай, битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай гэх мэтээр доромжилж байснаа босож ирээд Б.Б-ийн гэдэс рүү цохиод намайг гараа атгаж байгаад хамар дух орчим нэг удаа гараараа цохисон, дараа нь Б.Ө-ын гэдэс рүү нэг удаа, Б.Ба-гийн нүүр лүү цохисон. Тэгээд ахмад Л.О-ийг дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэсэн. Энэ дөрвөн гөлгөөр хийх ажил байвал хийлгэ гэж хэлээд гараад явсан. Цагдаагийн байгууллага дээр ажиллаа гээд уурлаад бид дөрвийг цохисон гэж бодож байна...” гэжээ. Энэ үед Онцгой байдлын газрын ангийн захирагч Энхбаяр хараад зогсож байсан агаад сонсогч П.Х уйлжээ. Онцгойнхон “алба хааж байхад иймэрхүү юм гарна” гэж тайвшруулсан. Ууртай хурандаа эмэгтэй сонсогчийг цохиогүй, дух руу нь чичилсэн гэж мэдүүлжээ. Хамартаа цохиулсан сонсогч нь мөнгө байхгүй тул одоо болтол хамрын мурийлтаа янзлуулж чадаагүй гэнэ. Шүүх онцгойн хурандаад 500 мянган төгрөгөөр торгох ял оноогоод өршөөжээ.