alim.mn | 2024.12.22
LVMH группийн үүсгэн байгуулагч Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ 200 тэрбум ам.доллар хүрлээ

Дэлхийн дээд зэргийн, тансаг эдлэлийн брэндүүдийг эзэмшигч Францын тэрбумтан, LVMH группийн үүсгэн байгуулагч Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ 200 тэрбум ам.доллар хүрлээ.

Ингэснээр тэрбээр хөрөнгийн хэмжээ нь 200 тэрбумын босгыг давсан дэлхийн гурав дахь хүн болж түүхэнд бичигдэж байна.

Бернар Арногоос өмнө Теслагийн Илон Маск, Амазоны Жэф Безос нар энэхүү өндөр босгыг даваад байсан 200 тэрбумтан болсон юм.

Тэрбумтан Бернар Арногийн хөрөнгийн хэмжээ $2.4 тэрбумаар өсөж, $201 тэрбум хүрсэн тухай Блүүмбэрг мэдээлжээ.

2023 он гарснаас хойш LVMH группийн хувьцааны ханш нийтдээ 25 орчим хувиар өсөөд байна.

LVMH групп нь Louis Vuitton, Tiffany & Co., TAG Heuer, Christian Dior зэрэг хувцас хэрэгсэл, цүнх, бугуйн цаг, гоо сайхны тансаг ангиллын олон брэндийг эзэмшдэг.

Цар тахлын дараа хүмүүсийн ахуй амьдрал сэргэж, тансаг эдлэлд мөнгө зарцуулах болсон нь тус компанийн орлогын өсөлтөд нөлөөлж байгаа гэж шинжээчид үздэг.

Тэрбумтан Бернар Арно бизнесээ өөрийн гэр бүлийн хүрээнд удирддаг. Таван хүүхэд группийнх нь янз бүрийн салбарыг тэргүүлдэг байна. Сонирхуулахад алдарт Парисын дарь эхийн сүм шатахад тэрбумтан Бернар Арно 200 сая евро сэргээн засахад зориулж хандивлаж байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ