З.Энхболдтой эрс хатуу тэмцэгч Л.Наранбаатар нь АМХЕГ-ын дарга асан М.Ариунбаярын дүү М.Ариунтунгалагийг залилсан хэрэгтээ 20 сая төгрөгөөр торгуулсан. Тэгвэл тэрээр ах дүү хоёрт ч бас залилуулсан гэдэг. Хэрэг явдлыг эхнээс нь сөхөхөд лицензийн наймааны хэрэг нь 2012 онд буюу М.Ариунбаярыг АМХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад болжээ. Тэр үед Л.Наранбаатар нь үүрэг гүйцэтгэгчийн “хуурай дүү” гэж явдаг байжээ. Үүрэг гүйцэтгэгч нь дүүгийнхээ Хэнтий аймаг дахь цагаан тугалганы ордын лицензтэй компанийг өөрийн нэр дэр шилжүүлж авахыг хуурай дүүдээ хэлжээ. Ингээд дүү нь хэмээх М.Ариунтунгалаг ирсэнээр тэд танилцаж бүр найз болж лицензтэй компанийг нь 10 сая төгрөгөөр эрх шилжүүлж авчээ. Харин М.Ариунтунгалаг нь “линцезийг нь хөрөнгө оруулагчидад борлуулж өгнө” хэмээн 1,2 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн гэдэг. Хуурай ахынхаа дүүгийн компанийг өөрийн нэр дээр болгож авсны дараа Л.Наранбаатар нь баяжуулах үйлдвэр барихаар зээл аван ажлаа эхэлжээ. Гэтэл урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын 194-р тогтоол гарч гол нөөцтэй лицензнийх нь талбайн ихэнхи хэсэг нь хуулийн хамрагдах хүрээнд орж ашиглах боломжгүй болжээ. Урт нэртэй хуулинд хамрагдах ордын жагсаалт, талбайг АМХЭГ боловсруулж гаргасан тул даргын үүрэг гүйцэтгэгч М.Ариунбаяр нь мэдсээр байж ашиглах боломжгүй лицензийг өгсөн болж таарчээ. Ингээд хуурай ах дүүсийн дунд хагарал гарчээ. М.Ариунтунгалаг нь гэрээ ёсоор 2012 ондоо багтааж 1,2 тэрбум төгрөгөө өгөхийг шаарджээ. Харин Л.Наранбаатар 200 сая төгрөг болон “Ланд-200” машин өгөөд таг болсон. Тэрээр энэ хооронд банкнаас нэг сая долларын зээл авч цагаан тугалганы орд дээрээ баяжуулах үйлдвэр бариад лицензийн хамт Америкийн хөрөнгө оруулалттай “Эйч Жи Металс” групп 100 сая төгрөгөөр заржээ. Үнэндээ 1,4-1,5 сая доллароор зарсан гэнэ. Худалдан авагч тал нь лицензийн талбайн ихэнхи хэсэг Урт нэрт хуулинд хамрагдсаныг дараа нь олж мэдээд “хууль бус лиценз зарсан, цагдаад өгнө” гэж асуудал үүсгэжээ. “Гложикс” компаниас Б.М яаралтай ирж “асуудлыг зохицуулна ”гэж тайвшруулжээ. Гэсэн ч зохицуулж чадаагүй тул хуулинд хамрагдах талбайг улсад буцаан өгч үлдсэн хэсгээс нь олборлож эхэлжээ. “Гложикс” компани хөөцөлдөж үлдсэн хэсгийн талбайг хоёр хувааж 2 лиценз болгуулж өгсөн байна. Лиценз зарсанаа халхавчилах зөвлөх үйлчилгээний гэрээг мөн хоёр тал хийжээ. “Эйч Жи Металс” нь лицензийн төлбөрдөө Л.Наранбаатар нарын банкны долларын өрийг төлж дуусгажээ. Өр зээлээсээ салсан компани өдгөө хөл дээрээ бүрэн босжээ. Лицензийг нь зарсанаа тас нуусан тул хөөрхий М.Ариунтунгалаг бүр сүүлд нь мэдэж баахан цамнажээ. Түүнийий хэлсэнээр Л.Наранбаатар нь өдгөө нийт 150 ажилтантай, 9 компанитай болсон гэнэ. Мөн “Энканто” болон “Ривер Гарден”-д тус бүр үнэтэй орон сууцтай болжээ. Тэгсэн атлаа түүнд үлдэгдэл болох 700 гаруй сая төгрөгөө өгөхгүй л яваад байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө М.Ариунтунгалаг нь “Ривер Гарден” дахь байрыг нь авна гэж нэхжээ. Тухайн үед тэр хоёр “Алтай” хотхонд уулзжээ. “Одоо сонгууль болно, чи нэр дэвших гэж байгаа юм байна, өр ширтэй хүнийг нэр дэвшүүлдэггүйг мэдэж байгаа биз дээ, тэгэхээр чи лицензний үлдэгдэл төлбөртөө Ривер Гарденд байдаг байраа өг, эсхүл бэлэн мөнгө өг” гэж нэхжээ. Уг байр нь 600-700 саяар үнэлэгдэхээр гэнэ. Л.Наранбаатар хариуд нь банкны өрөө төлөөгүй гэдэг уламжлалт хариугаа хэлээд компанийхаа өмчлөлд байгаа 700 сая төгрөгийн өртөг бүхий Зүүн Салааны Нумтын ам нэртэй газарт байдаг зуслангийн газар болон хотхоныг, дэд бүтцийн хамт өгөх санал тавьжээ. М.Ариунтунгалаг заавал байр авна гэж уурлаж гарч яваад гар утас руу нь “луйварчин минь удахгүй чи шоронд сууна” гэсэн мессеж бичжээ. Удалгүй түүнийг залилан хийсэн гэх мэдээлэл гарч улмаар сонгуулийн өмнө эрүүгийн хэрэг үүсгүүлжээ. Энэ хэрэг нь эхлээд сайн найз явсан хүмүүс сүүлдээ эвлэрэшгүй дайснууд болоод дуусдагийн нэг жишээ юм. Бас нэг сонирхолтой зүйл нь хонь чоно болсон хоёр бие биенийхээ талаар мэдэгдэл хийхдээ хэзээ ч Хэнтий аймаг дахь цагаан тугалганы ордын лицензийн талаар ам нээж байгаагүй юм.