Өнгөрсөн оны намар Оросд цэргийн дайчилгаа эхэлэхэд олон буриад Монголд зугтаж орж ирсэн. Энэ үед нэгэн буриад монгол хүнийг гэрт хөнөөсөн хэрэг гарч шуугиан дэгдсэн. Тэгвэл энэ хэргийг нутагтаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан, хуульч мэргэжилтэй Тушемилов Дмитрий Владимирович үйлджээ. Тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны 89-р байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Б-гийн толгой хэсэгт олон удаа цохиж, хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алах гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр 2022 оны 9-р сарын 23-ны шөнө дүүгийн хамт Монголд орж иржээ. Хохирогчтой Сэлэнгийн галт тэрэгний буудалд танилцаж хамт явсаар Улаанбаатард ирж гэрт нь очжээ. Ирээд буриад болон монголчууд нийлж архиджээ. Буриадууд дайчилгаанаас зугтан хоёр хоног унталгүй явж хил гарч ирсэн тул амархан тасарчээ. Тушемиловыг тасраад сэрэхэд хохирогч татаж чангааж байсан гэнэ. Алхаар цохиход баруун гараараа хамгаалаад гарыг нь бариад хамтдаа унажээ. Хоолойг нь боосон гэнэ. Амьсгал боогдоод ирэхийн цагт алхыг булааж аваад толгой руу цохижээ. Буриад өмгөөлөгч биеэ хамгаалсан гэж мэдүүлжээ. Гэхдээ хохирогчид хагалгаа хийсэн эмч нар 30 гаруй удаа цохисоныг нь тогтоосон байна. Тэрээр хагалгаа хийлгэсэн ч ухаан орохгүй байсаар нас баржээ. Шүүх буриад өмгөөлөгчид 14 жилийн хорих ял оноосон байна.