БНХАУ-ын иргэн Мөнхөө буюу Мenghqiu нь 2011 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Жавхлант Орд” компанийн захирал гэнэ. Энэ компанийн Захиргаа хариуцсан орлогч даргаар Ч.Монгол-Эрдэнэ ажилладаг. Хятад монгол хоёр захирал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулахаар хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дарханчимэгт 20 сая төгрөгийг хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ. Үүнээс таван саяыг нь дарга эмэгтэйн дүү Б.Орхончимэгээр дамжуулан өгсөн гэнэ. Усны газар нь ус ашиглах дүгнэлтийг ажлын 15 хоногт гаргадаг ч Б.Дарханчимэг хятад компанид ердөө дөрөвхөн хоногт багтаан өгчээ. Болсон явдлыг өгүүлэхэд 2022 оны 11-р сард “Жавхалант Орд”-ын үйлдвэрт Өмнөговь аймгийн ЗДТГ-ын төлөвлөгөөт шалгалт ирэх байжээ. Гэтэл ус ашиглах дүгнэлтээ аваагүй байсан тул “яаравчилах” шаардлага гарчээ. Ингээд Ч.Монгол-Эрдэнэд дүгнэлт хурдан гаргуулаад шалгалт ирэхээс хоёр хоногийн уурхайд өөрийн биеэр аваачиж өгөх “хариуцлагатай” үүрэг ноогдсон байна. Түүнд “давуу” тал байсан нь гарын үсэг зурдаг Б.Дарханчимэгийг таньдаг агаад яаралтай гаргаад өгөөч гэж аминчлан гуйжээ. Гэсэн ч удаад байсан гэнэ. Тэрээр дарга эмэгтэйтэй viber-ээр холбогдож “Дарханчимэгт эгчээ би танд 20,0 төгрөг өгье, та надад дүгнэлт яаралтай гаргуулаад өгөөч” гэхэд явуулсан мессеж дээр лайк дарсан тул зөвшөөрч байна гэж ойлгосон. Нэгэнт “ойлголцсон” тул хятад захирал Мөнхөө рүү залгаж “устай холбоотой 20 сая төгрөгийн хэрэг болоод байна, зохицуулаад өгөөч” гэжээ. Удалгүй хятад захирлаас бэлнээр дөрөв, дансаар 16 сая төгрөг орж иржээ. Мөнгөө аваад Усны газарт очиж “нөгөө юмаа өгье” гэж viber-ээр харилцахад дүүгийнхээ утасны дугаарыг өгчээ. Утсаар нь холбогдоод дарга эмэгтэйн дүүд таван сая төгрөг өгсөний дараа viber болон мэйлээр усны дүгнэлт нь иржээ. Ч.Монгол-Эрдэнэ цаасаар биш цахимаар гарсан дүгнэлтээ аваад тэр дороо Өмнөговь руу хөдөлжээ. Усны дүгнэлтийн хэрэгт “Жавхалант Орд” компанийн Ц хэмээх бас нэгэн хятад ажилтан холбогдсон байна. Шүүх хахууль авсан Б.Дарханчимэгт 12 сая, хахууль өгсөн Ч.Монгол-Эрдэнэд мөн 12 сая төгрөгийн торгох ял оноожээ. Нөгөө хоёр хятад иргэнийг бас 12 сая төгрөгөөр торгосон байна.