Хятадын иргэн Ж.Ж нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" олон Улсын нисэх буудалд Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн MGL-235 дугаартай аяллын онгоцоор зорчихоор ирэхдээ амьтны гаралтай түүхий эд болох засаж янзалсан, тодорхойлох боломжгүй таван ширхэг амьтны эвэр, мөн ховор амьтан болох хар сүүлт / Gazella subgutterosa/ -ийн эд эрхтэн 23 ширхэг эвэр, нийт 28 ширхэг амьтны гаралтай түүхий эд болох эврийг Монгол Улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэх гээд баригджээ. Тэрээр Монголд 2021 оны 11-р сарын 15-ны өдөр Монгол Улсад ирээд Дорнод аймагт байх "Дачин Тамсаг" гэдэг газарт газрын тосны талбайн ажилтнаар ажилласан. Ажлаасаа буушаад Улаанбаатар ирээд "Цэцэг гэдэг зочид буудалд байрлажээ. Ингээд Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн MGL-235 дугаартай аяллын онгоцоор зорчихоор гаалийн шалгалтанд ороход цүнхнээс 28 ширхэг амьтны эвэр гарч ирсэн байна. Гаалийнхан “... өглөө 06:35 цагийн Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн нислэгээр нисэх гэж байсан БНХАУ-ын иргэний гар тээшийг рентген аппаратаар оруулж шалгахад дэлгэцэд олон эгнээтэй эд зүйл байгаа харагдахаар нь гаргаж ирээд шалгахад ямар амьтны болох нь мэдэгдэхгүй хар өнгөтэй олон тооны эвэр гарч ирсэн тул саатуулан зөрчлийн албаны байцаагчдаа мэдэгдээд хүлээлгэн өгсөн. Ингээд зөрчлийн албаны байцаагч цааш нь Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн ...” гэжээ. Гарч ирсэн эвэр нь Улаан номонд орсон хар сүүлтийх болох нь тогтоогджээ. Шүүх хятад иргэнийг 6,5 сая төгрөгөөр торгожээ.