Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11-р сараас 2022 оны 3-р сарын 20 хүртэл Баянзүрх дүүргийн 27-р хороо ... тоотод оршин суух С.М-ын гэрт амьдарч байх хугацаандаа түүний охин 15 настай П.Б-ийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан үедээ түүнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад энэ хэргийн цаана охины ээж П-гийн “нууц” төлөвлөгөө явагдаж байсан нь илэрсэн байна. Болсон явдлын тухай хохирогч нь “...Ээж 2021 оны 9 дүгээр сараас надад “Э 10 хоногт 2-3 сая төгрөг олдог. Ар гэр нь малтай боломжийн амьдралтай, чи энэ хүнтэй суучих юм бол дутагдах гачигдах зүйлгүй амьдарна, хичээлээсээ гараад хөдөө амьдрах юм уу, ээж нь зун очоод мал дээр нь туслаад өгнө, эсвэл хэдүүлээ Э ыг дагаад хөдөө очоод малыг нь маллаад амьдрах уу, чи 16 нас хүрэхээрээ гэрлэлтээ батлуулчихвал ядаж салахдаа хөрөнгөнөөс нь авна, чамд хохироод байх юм байхгүй ээ” гээд байсан.
Э гэх хүн манай гэрт 2021 оны 11-р сараас хойш амьдрах болсон. Намайг 16 насанд хүрээгүй гэдгийг Д.Э мэддэг байсан. Аав, ээжээс “танай охин чинь хэдэн настай юм гэхэд хойд аав М “16-тай” гэсэн.
Тэгэхээр нь би зүгээр л яриа гэж бодсон. Тэрнээс санаагаа гүйцэлдүүлэх гээд надаар ямар нэгэн зүйл хийлгэнэ гэж огт бодоогүй.
2021 оны 11-р сараас Д.Э ахаас хувцас хунар, хичээл сургуулийн мөнгө гэж авч байсан. Эдгээр мөнгөнүүдийг авахдаа дандаа л надаар дамжуулж хэлүүлдэг байсан. Өөрсдийг нь хэлэхээр өгөхгүй гээд байдаг байсан. Тэгээд ээжийн данс руу мөнгө шилжүүлчихдэг. Тэгээд 100-500 мянган төгрөг авдаг. 2022 оны 01 дүгээр сараас 2 дугаар сарын хооронд Д.Э сургууль хичээлдээ ядарч байгаа гээд 5-10 мянган төгрөгийг увуулж цувуулж бэлнээр өгсөн. Нийтдээ 50 мянга болсон.
Э гэх хүн “надтай хамт амьдарна, эхнэр нөхрийн харилцаатай” гэж бусад хүмүүст ойлгуулсан. Э гэх хүнд доромжлуулснаас хойш ээжийгээ үзэн ядах болсон. Уучлах сэтгэл маань дууссан...”
“Манай гэрт тайван уур амьсгал байхгүй. Ээж маань хэзээ ч дүү бид нарыг хайрлаж сайхан үг хэлж, хандаж байгаагүй. Дураа хүрэхээр харааж зүхээд дургүйгээ хүрэхээр зоддог. Гадны хүмүүс болон аавтай муудалцсан уур бухимдлаа дүү бид нарт гаргадаг...”
Харин шүүгдэгчийн ээж Д.С нь “... .Манай хүү 2021 оны 11-р сараас М гэх хүн “машин эвдэрчихсэн. Манай гэрт байчих, ажилдаа хамт явж байя” гээд гэртээ байлгах болсон талаар хүүгээсээ сонссон. 2022 оны Цагаан сарын үеэр М охин Б-гээ дагуулж ирээд “танай хүү чинь манай хүргэн болж байгаа” гэсэн. Би бодохдоо жоохон охин юм байна даа, сууж болох юм болов уу гэж бодож байсан. Хүүг маань гэр рүү нь ерөөсөө явуулдаггүй. Гэртээ хальт ирэхээр араас нь М гэх залуу “охин санаад байна”, “ир, хоол хийх гээд хүлээгээд байна” гээд л зогсоо зайгүй залгаад байдаг. Хүү надад “Б гэх охиныг ээж нь байнга зоддог, зүгээр юм угааж байхад нь л шууд хурдлаачээ гээд л зоддог. Өмөөрөхөөр хоёуланг нь зоддог” гэсэн. Тэгээд би ээжтэй нь уулзаад хүүхэд зодож нүддэг талаар нь хэлээд манай гэр рүү явуул би өөрөө сургууль төгсгөөд, их сургуульд оруулаад өгнө гэхэд намайг харааж зүхээд “улаан махны хэргээр танай хүүхдийг шоронд оруулна” гээд зодох шахсан. Хүүд маань “машинаа зараад гэр ав, хажууд амьдар” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд ээж нь “чи насанд хүрээгүй хүүхэдтэй унтсан, чамайг цагдаад өгнө” гэж сүрдүүлсэн ч хүү хэлж байсан. Хүү маань ч гэсэн царай алдчихсан зодуулчихсан ирсэнн. Тэр охиныгоо өрөвдөөд хамтдаа амиа хорлох гэж хүртэл үзсэн. Над руу бүр хайртай шүү гээд мессеж хүртэл бичиж байсан. Нөгөөохин манай хүүг “гэр рүүгээ яв, би өөрөө зовох мөрөөрөө зовно” гэсэн байгаа юм. Би энэ хэрэгт ээж, аавыг нь л буруутгаж байгаа. Хүний хүүхдийг зүгээр гэртээ байхад нь М, П гэх хүмүүс гэртээ аваачиж өвөлжин зарж, олсон мөнгийг нь авч өөрсдийгөө тэжээлгэсэн. Адаг сүүлд нь хэрэгт оруулчихлаа. Аав нь байнга архи уудаг. Ээж нь харааж зүхэж зоддог. Манай хүү малтай болохоор би олон хүүхэдтэй юм гээд хоолны мах шөл явуулдаг байсан...” гэжээ. “Ирээдүйн” хадам ээж С.П нь 2021 оны 9-р сарын 1-нээс 2022 оны 4-р сарын 28-ны өдөр хүртэл өөрийн дансаараа шүүгдэгчээс нийт 2.7 сая төгрөг авчээ. Шүүгдэгч Д.Э-д нэг жилийн зорчих эрх хязгаарлах ял оноожээ. Харин ээж С.П-г Д.Э-ын эд хөрөнгийг авч захиран зарцуулах зорилго агуулж өөрийн төрсөн охин 15 настай П.Б-т хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан түүний бэлгийн эрх чөлөөнд халдаж, Д.Э-той хамтран амьдарч бэлгийн харьцаанд орохыг шаардаж, түүнтэй бэлгийн харьцаанд албадан оруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцжээ.