Монголын олон музейн захирлууд дундаас хамгийн алдартай нь “Чингис хаан” музейн захирал С.Чулуун юм. Түүний “бужигнуулсан” хэргүүдийн дуулианыг мэдэхгүй хүн цөөхөн. Сүүлийн үед том бужигнуулахаа больсон ч Түүх угсаатны хүрээлэнтэй хамтран тэрүүхэн тэндээ жижигхэн бужигнуулж байсан нь илэрчээ. Захиралтан “Хөдөлмөрийн хуул”-ийн дагуу “Чингис хаан” музейд хамаарагдана. Гэтэл Түүх угсаатны хүрээлэнтэй давхар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан аж. Бүр Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүждэг хоёр ч суурь судалгаанд удирдагчаар ажиллахаар дээрхи хүрээлэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ингээд хуулиар хүрээлэнгийн орон тооны ажилтан болжээ. Хөдөлмөрийн гэрээ ёсоор сард 586 мянган төгрөгийн цалин авч нийтдээ долоон сая төгрөгийг “цохисон” байна. Өмнө нь тэрээр уг хүрээлэнгийн захирал, дараа нь Соёлын сайдаар ажиллаж байсан том хүн. Энэ нь манай томчуудад хууль журам ямар ч хамаагүй байдгийн энгийн жишээ. Хэрвээ “Чингис хаан” музейн ажилтан өөр газарт давхар ажиллаж байсан нь илэрвэл бөөн шуугиан дэгдэж, залилагчаар нь дуудан ажлаас халж, авсан цалингийн нөхөн төлүүлнэ. Харин С.Чулуунд бол үгүй.