Сургуулийн school police хийж байгаад зодуулсан хэрэг гарчээ. УБЦТС-д нярав ажилтай М.Б нь 2023 оны 2-р сарын 8-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Шилдэг” сургуулийн гадна талын зам дээр иргэн Ж.Наранхүүг машинаа холдуул гэх шаардлага тавихад эсэргүүцэж, хэрүүл маргаан хийж, цээж, нүд рүү нь цохисны улмаас түүний биед зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “...Шилдэг сургуулийн гадна school police хийж байсан, Шүүгдэгч өөрийн 30-8... УАЕ улсын дугаартай цагаан өнгөтэй “Toyota sai” маркийн машинаа гарц дээр тавьсан. Би “сургуулийн хашаа руу машинаа оруулчих, хашаа нь онгорхой байна” гэхэд тоохгүй явсан. 20 минутын дараа машины жолооч залуу гарч ирсэн. Энэ хооронд машин зам бөглөрсөн, жолооч нар “энэ машиныг холдуулаач” гэж надад уурласан. Би шүүгдэгчид “машинаа хурдан авчихгүй, чамаас болж би баахан загнуулсан” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, чиний хашаанд тавьсан юм уу, би хүүхдээ зөөгөөд удсан” гэсэн. Би “чиний хүүхдээ зөөх ямар хамаатай юм, чамаас болж энд зам түгжрээд байна” гэсэн. Тэгэхэд миний элэг рүү цохисон, тонгойсон чинь нүд рүү цохисон... гэжээ. Харин шүүгдэгч нь “... машинаа Шилдэг сургуулийн зүүн урд талд машинаа зам чөлөөлөөд зам дагуу байрлуулсан. Тэр үед ямар ч түгжрэл замын хөдөлгөөнд саад учруулсан зүйл байгаагүй. Тэгэхэд зохицуулагчийн бороохойтой, шар хантаазтай хүн намайг хэл амаар доромжлоод “машинаа зайлуулаач п..да минь” гэсэн. Намайг “хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд гарч ирлээ, одоо явлаа” гэхэд “чиний хүүхэд гэж үхсэн шээс байдаг юм” гэж намайг хэл амаар доромжилсан. Би нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон...” гэжээ. Шүүх түүнийг 900 мянган төгрөгөөр торгожээ.