Энэ даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Чинзориг томилсон бөгөөд парламент дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгээр энэ ажилдаа тогтоод байгаа гэх мэдээлэл ХНХЯ-ныхны дунд бий. Өнгөрсөн онд ХНХЯ-ны ТНБД-ын тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн аж. Чөлөөлөгдсөн 11 хүнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заримыг нь салбарын сайдын шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч, нутаг буцжээ. Харин таван хүнийг нь буцаан ажилд нь томилсон аж. Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдож, Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буцааж томилох ёстой хүнийг “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд орон тоо байхгүй” гэж тус улс дахь ЭСЯ-нд мэдээлэл өгч ажилд нь оруулаагүй гэдэг. Ингээд Д.Баярмандахыг шалгаж эхэлжээ. Шалгалтаар ч жижиг гэлтгүй зүйлс илэрсэн гэнэ. Тэрээр 13,4 сая воннын урьдчилгаа цалин авсан нь журманд заасан дээд хязгаараас зургаан саяар давжээ. Түүнээс гадна БНСУ-ын “КТ” телеком үүрэн холбооны сүлжээний нэг дугаар мөн Д.Баярмандахын нэр бүртгэлтэй, ярианы төлбөрт 1,8 сая вон буюу 4,4 сая төгрөгийг байгууллагын төсвөөс төлсөн байна. Энэ мэтээр нэлээд баримт гарч ирэх төлөвтэй байна.