Өнгөрсөн онын хамгийн дуулиант хөдөлгөөний нэг нь “Тусгаар тогтнол” юм. Хөдөлгөөний удирдагч нь систем судлаач, “Үндэсний аюулгүй байдлын сан”-гийн тэргүүн Д.Банзрагч, цэргийн онол зүйн талаас нь “оператив тактикийн хүрээнд цэргийн холбоо зохион байгуулагч” хурандаа Ц.Цэрэндорж, бурхан номын талаас “Оройн дээд эрдэм, мандал, хангал номын сахиуст өргөө” хийдийн тэргүүн лам Д.Батсайхан, хөдөлгөөний гишүүн залуусын цэрэгжилтийн бэлтгэлийг “халуун цуст” Г.Тулга хариуцаж дирдаж байжээ. Систем судлаач Д.Банзрагч нь “Үндэсний аюулгүй байдлын сан”-гаа 2011 онд байгуулсан агаад хамтран зүтгэгч нь хурандаа Цэрэндорж байжээ. Тэдний шаардлага нь Ерөнхий сайдыг огцруулах, Хятадаас авах гэж буй нэг их наядын зээлийг болиулах, уул уурхайн лиценз олголтыг хориглох, ковидын вакцинийг зогсоох зэрэг байжээ. Иймэрхүү агуулгатай эхний шаардлагаа эхлээд ЕТГ-д “Үндэсний аюулгүй байдлын сан”-гийн нэрээр, удаахийг нь УИХТГ-д “Тусгаар тогтнол” хөдөлгөөний нэрээ өгсөн байна. Хурандаа Цэрэндоржийн хувьд өмнө нь ОХУ-д очихдоо “ДСАП” гэдэг ТББ-ын тэргүүн, армийн генерал Кулыков гэдэг тэтгэвэрийн хөгшинтэй танилцжээ. Тэр байгууллагын логоноос санаа авч “Тусгаар тогтнол” хөдөлгөөний логог өөрөө зурсан гэнэ. Д.Банзрагч, хурандаа хоёр дээр лам Д.Батсайхан нэмэгдсэнээр хөдөлгөөний үзэл санааны удирдлагын “баг” бүрджээ. Тэрээр 1990 онд лам болж 2008 онд “Оройн дээд эрдэм, мандал, хангал номын сахиуст өргөө” хийдийг байгуулжээ. Ингээд 2019 оны 11-р сарын таванд сахиус залахад “Дэлхий дахинд аюул ирж байна. Монгол улсаа даатга. ОХУ руу таван сахиусаа авч явж ном унш” гэж буужээ. Тэр дороо орос хэлний багш Пунсалдуламыг орчуулагчаар аван Орос явж номоо уншжээ. 2022 оны эхээр ахиун сахиус буулгахад “Дэлхийн 3-р дайн болно. Зарлиг буулгана. Зарлигийг “Бурхан халдун”, “Бурхан буудай” хоёр уншаад, Орос явж унш” гэжээ. Ингээд машинаа зараад Д.Банзрагч, хурандаа хоёрыг хэлмэрчээр аван Оросын хот болгонд зарлигаа уншихаар болжээ. Энэ явалтаараа тэд Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзахаар төлөвлөж байжээ . Энэ тухай ламтан “Бид Путинтай уулзах хэрэгтэй байгаа юм, эхлээд БХ-ын сайд Сергей Шойгутай уулзана, түүгээр дамжиж Путинтай уулзана” гэжээ. Мөн цаас бал гаргаж ирээд “Манай улс БНХАУ, ОХУ-ын дунд бид байна, бид хоёр хөрштэйгөө улс төр, эдийн засгийн хувьд тэнцвэртэй харьцах хэрэгтэй, гэтэл төрийн бодлого буруу явснаас болоод экспорт, импортын хувьд ОХУ-тай 10 хувь, БНХАУ-тай 90 хувьтай харьцаж байна, бид үүнийг ОХУ-ын талд ойлгуулж, гүүр болох хэрэгтэй, тэгэхгүй бол Хятадын хараат болох нь” гэжээ. Ийнхүү тэд Орос явсан ч мэдээж Шойгу, Путинтэй уулзаж чадалгүй ирсэн. Монголд ирээд 21 аймагт тойрон зарлигаа уншжээ. Удирдлагын “баг” ажилдаа орж “Ганган пресс” хэвлэлийн компаний ажилтнаар гурван төрлийн сургаал, онч мэргэн үгс болон бичгийн цаасан дээр “Зарлиг, тунхаг, цааз”, “Тусгаар тогтнол” хөдөлгөөний бланкны толгой, толгойнд зүүх пайз зэргийг хэвлүүлжээ. 10 мянган гаруй ухуулах хуудас хэвлүүлж хотоор наасан байна. Төв талбайд жагсахын өмнө хөдөлгөөний үндсэн гишүүд “Ухрахгүй, няцахгүй, урвахгүй” гэсэн тангараг өргөж гарын үсэг зуржээ. Үүний хамт систем судлаач нь Чингис хааны үеийн ёс зүй, Монголын ураг овог, монгол хүний чанар гэсэн сэдвээр гишүүддээ хичээл заажээ. Мөн “халуун цуст” Тулга гишүүн залуусаар хагас цэрэгжилтийн байдалтай 14 хоног бэлтгэл хийлгэсэн. Тэдэндээ комиссын дэлгүүрээс ногоон өнгийн эрээн өмд худалдан авч өмсгөсөн. Ингээд анхны жагсаалаа талбайд хийжээ. Жагсаалын дараа ламтан “маш муу зохион байгууллаа, үхээнц дорой царайллаа, ийм байж ард түмнийг сэрээж ойлгуулна гэж юу бай вэ” гээд “тэнгэрийн зарлиг”-аа ахин уншаад “намайг дагах нь дага, Банзрагчаа дагах нь үлд” гээд хаяад явжээ. Хөдөлгөөний үндсэн гишүүн нь 20 орчимоос гадна тангараг өргөсөн 100 гаруй хүн байжээ. Талбай дээр дэмжиж гарын үсэг зурсан 4400 хүн гарсан. Санхүүгийн хувьд лайваар хандив цуглуулж эхэлжээ. Тулгын дансанд 4,8 сая, талбай дээр бэлнээр 180 мянган төгрөг орж ирсэн. Хамгийн их хандивийг А.Т гэх иргэн өгчээ. Тэрээр талбай дээр хөдөлгөөнийхөнтэй таарч яриа нь зөв санагдсан тул тэр дор нь банкнаас 50 сая төгрөг зээлээд 20 саяыг нь өгсөн байна. Энэ мөнгийг хөдөлгөөнийхөн хэрэглэлгүйгээр дамжуулан хадгалж байгаад тагнуулынханд хураалгажээ. Мөндөхн байцаалтын явцад хурандаа Цэрэндорж нь гар буу бусдад өгсөн, хөдөлгөөний сейфэнд тэсрэх бодис шиг хоёр бондгор юм байсан гэх нөхцөл байдал илэрчээ.