Ийм нэгэн хэрэг гарчээ. 2022 оны 12-р 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 33-р байрны гадна хоёр залуу хамт ажилладаг эмэгтэйнхээ салсан нөхөртэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... найз нартайгаа шинэ жил тэмдэглэж байгаад салсан эхнэртэйгээ Зайсан Хилл цогцолборт таараад, ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд гэртээ орох гэж байтал экс эхнэрийн дугаараас “чамтай хальт уулзах хэрэг байна, гараад ир” гэсэн мессеж ирэхээр нь гартал хоёр залуу гарч ирээд сугадсан. Намайг явахгүй гэхэд 33-р байрны хойд талын камер байхгүй, хүн явдаггүй хэсэг рүү чирээд “чи ямар хөгийн залуу вэ гээд гартаа барьсан торцоовоор далайхаар нь нүүр лүү цохих гэж байна гэж бодоод нүүрээ дарсан чинь хүзүү рүү хэд хэдэн удаа цохисон. Би газар унатал хамар болон нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон...” гэжээ. Харин “торцоовдогчийн” нэг нь “... манай эмнэлгийн шинэ жилийн арга хэмжээ Зайсан Хилл цогцолборт болсон. Энэ үед хамт ажилладаг эмэгтэй “нөхөр өөр хүнтэй явж байна, та хоёр нөхөрт хэлээд өгөөч” гэхээр татгалзсан. Гэтэл уйлаад “та хоёр нөхөртэй уулзаад өгөөч, би гэрийн хаягийг нь заагаад өгнө” гэхээр гэр лүү нь хамт очсон. Нөхөр лүүгээ утсаар яриад дуудсан. Түлхэлцээд заамдалцах үед авто машины торцоовоор цохих гээд айлгаж байгаад нуруу, хөл, тааз хэсэг рүү нь цохисон” гэжээ. Шүүх торцоовдсон залууг нэг сая төгрөгөөр торгожээ.