Цагдаа Нүхтийн аманд байдаг “Каса Да Винчи”, Хан-Уул дүүргийн “Анома”, “Оранж таун”, “Энхжин”, “Намуун Төгөл” зэрэг чинээлэг иргэд амьдардаг хотхонуудаас хулгай хийдэг О.Шинэбаяр, Б.Бат-эрдэнэ, Б.Эрдэнбаяр, Г.Билгүүн, Г.Гарьд, “тусалдаг” Д.Батмөнх нарын бүлэг этгээдийг илрүүлж, түрүүчээс нь шүүхэд шилжүүлжээ. Хулгайчид урьдчилан судалгаа хийгээд эзэд нь гадаад эсвэл хөдөө явсан хойгуур тусгай багаж хэрэгсэлтэй очиж “ажилладаг” байжээ. Зарим хэрэгт захиалгын дагуу хулгай хийсэн гэнэ. Дээрхи хулгайнуудаас хамгийн том нь өнгөрсөн оны 8-р сарын 25-нд Нүхтийн амны “Каса да Винчи” хотхоны 6... тоотоос 17 төрлийн 535 сая төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг аж. Энэ хэргийг О.Шинэбаяр үйлдэж, Д.Батмөнх тусалжээ. Байрны эзэд гэр бүлээрээ гадаад явах гэж байгааг тэд урьдчилан мэдсэн гэнэ. Ингээд О.Шинэбаяр нь Батмөнхийн өгсөн лоом, төмрийн хуурай, автеркээр “зэвсэглэн” Нүхтийг зорьжээ. Хохирогч нь “... эхнэр түрүүлээд би араас нь Сингапур явсан. 8-р сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд гэр эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Эхнэрийн үнэт эдлэлийн хайрцаг шалаар нэг асгарчихсан, хувцас солих өрөө рүүгээ ортол төмөр сейф онгорхой дотор нь байсан манай эхнэрийн алмазан шигтгээтэй шар цагаан ээмэг бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт, шүрэн толгойтой алтан нуухтай хаш чулуун хөөрөг, бэлэн 2000 паунд, 120 мянган америк доллар, 100 гр алтан гулдмай, бугуйн цагнууд, алтан бөгж, алмазан шигтгээтэй бөгж, Дарьганга хийцийн мөнгөн тоногтой эмээлийн бүх мөнгөн тоноглолуудыг салгаад авчихсан байсан...” гэжээ. Хулгай хийгээд гарч ирэхэд Д.Батмөнх нь такситай очиж Нүхтээс авчээ. Хулгайны 120 мянган доллароос эхлээд 25 сая төгрөгнийхийг солиулж Д.Батмөх нь Мондны-2-ын хажууд Шинэбаярт 18 саяыг нь өгчээ. Дараа нь эмэгтэй Золбоо Энхпүрэв нар нь 27,7 мянган долларыг солиулж 88 сая төгрөг болгожээ. Уг мөнгөнөөс 70 саяар нь 2014 оны “Тоёото Харьер” авч унажээ. Хэрэг илрэхэд Д.Батмөнх анхнаасаа цагдаатай хамтран ажиллажээ. Тэрээр Шинэбаяр биедээ их хэмжээний бэлэн доллар, алтан гулдмай, цагаан алтан ээмэг бөгж авч явж байгааг мэдүүлсэн байна. Зарим эд зүйлсээ эхнэртээ өгсөнийг нь хүртэл хэлжээ. Өөрт нь нь байгаа долоон сая төгрөгийг мөн цагдаад өгчээ. Шүүх 120 мянган доллар хулгайлсан О.Шинэбаярт 12 жилийн хорих ял оноосон бол Д.Батмөнх цагдаатай “хамтран ажилласан” хэмээн хоёр жилээр шийтгүүлсэн. “Шинэээгийн” даалгавараар доллар солиулж машин авсан эмэгтэйчүүдэд нэг жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.