Улаанбаатар дахь солонгосчуудын нэгэн том төв болох “Сүнжингранд” зочид буудлын солонгос хоолны зоогийн газарт Солонгосын мафитай кинонд гардаг шиг зодоон болжээ. “Си Жэй Ложиск” компанийн захирал, 54 настай Ха Жин Гё, “Эй Си Эн Ши Ру Жиг Си” компанийн захирал мөн 54 настай Шин Тэ Гюн/Shin Tae Guyn/ нар согтоод хоорондоо зодолдож бөөн шуугиан дэгдээжээ. Тэд хоюулаа том компанийн захирал агаад Улаанбаатар дахь солонгосчууд дундаа дээд зиндааных гэнэ. Гэхдээ хоорондоо эв түнжин муутай, бие биенээ муулж явдагийн дээр архи уухаараа монгол хүн шиг агсан согтуу тавьдаг хэмээн гэрчээр мэдүүлэг өгсөн солонгосчууд толгой сэгсэрчээ. Зодооны тухайд яг солонгос мафитай кинонд гардаг шиг зодолдсон байна. Ха Жин Гё нь таеквондогоор хичээллэдэг тул хөлөөрөө өшиглөж гарчээ. Гэхдээ тэрээр том биетэй Шин Тэ Гюнд “ялагдсан” гэнэ. Тэр хоёрыг эхлээд барилцаж авахад бусад солонгосчууд салгажээ. Ким Юун Гон, Жон Бён Сү хоёр таекводочинг бүр ажилчдын өрөөнд хүртэл нуусан гэнэ. Дараа нь “...Шин Тэ Гюн одоо зодолдохгүй, үг хэлээрээ ойлголцъё гээд өрөөнд байсан хүмүүсийг гаргаж хоюулаа үлдсэн. Хүмүүс гарсаны дараа “юун үг хэлээрээ ойлголцох вэ гөлөг минь” гээд намайг доош дарж баруун зүүн хавирга руу өвдөглөсөн. Хоолой бооход нь амьд үлдэхийн тулд “намайг уучлаарай, бүх зүйл миний буруу” гэж уучлалт гуйсаар байгаад хаалга онгойлгож гарсан” гэжээ. Гэрч нарын мэдүүлсэнээр Ха Жин Гё нь нүүр ам нь цус болж, гар нь гэмтээд яг солонгос мафитай кинонд гардаг шиг дүр төрхтэй гарч иржээ. Зодолдох үед гольфийн захирал Жон Бён Су, рестораны захирал И Сог Жэ, “Сүнжингранд”-ын захирал Чэ Ду Гэл, Бумдарь, Жон Бён Сү нарын томчууд байжээ. Энэ тулаанд хоёр захирал хоюулаа гэмтсэн тул Ха Жин Гёг Гэмтлийн эмнэлэгт, Шин Тэ Гюнг “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү аваад явжээ. Зодоон болсоны маргааш Тэрэлжийн “Чингис” гольфийн талбайд Солонгосын 16, Монголын 16 иргэн оролцсон тэмцээн болоход Шин Тэ Гюн ирж хөтөлжээ. Тэрээр гэмтээгүй бол “таеквондочин” нутаг руугаа нисэж 20 хоног эмчлүүлээд буцаж иржээ. Шүүх зодоонд ялсан Шин Тэ Гюнийг дөрвөн сая, ялагдсан “таеквондочин” Ха Жин Гёг 450 мянган төгрөгөөр торгожээ. "Ялсан" нь "ялагдсандаа" 28 сая төгрөгийн нөхөн төлбөр төлжээ.