Бүх шатны ИТХ-д төлөөлөгчдийн “чадавхижуулах” зардал хэмээн төлөөлөгч бүр хүртдэг хэмээн хараа хяналтгүй, гарын салаагаар урссаар ирсэн их хөрөнгө явдаг. Хотын дүүрэг дундаас Баянголын төлөөлөгчид “чадавхижих” тал дээр толгой цохидог. Тэд англи хэл, бизнесийн удирдлага, гэр бүлийн боловсрол гээд бараг л мэдлэгийн бүх салбараар чадавхиждаг гэхэд болно. Гэхдээ мөнгөний хэмжээгээр НИТХ-д хэрхэн хүрэх билээ. НИТХ ч гэсэн төлөөлөгчдөө байнга чадавхижуулсаар ирсэн. Тэгвэл тэр их зардлаас нь төлөөлөгчдийг чадавхижуулсан гэх 147,8 сая төгрөгөнд санхүүгийн анхан шатны баримт бүрдэл дутуу, тооцоо нийлсэн актгүй байсан нь илэрчээ. Төлөөлөгчид нь “чадавхижсан” гэх зардлын тайлангаа гаргаж өгөөгүй тул татвар төлөгчдийн мөнгөөр ур чадвар, мэдлэг нь “сайжирсан” эсэх нь машид эргэлзээтэй. Хотын одоогийн байдалтай холбоод үзэхэд НИТХ-ын төлөөлөгчид чадавхижаагүй харин ч эсрэгээр ур чадвар нь буурсан гэж үзэхэд болно. Ийнхүү сонгуульт хугацаа дуусахад нэгхэн жил үлдээд байхад хотын хэдэн төлөөлөгч чадавхижих нэрээр мөнгөн дээр “найрласаар” л явна.