Эмэгтэй Б.Б нь нь 2022 оны 5-р сарын нэгний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1-р багийн нутаг дэвсгэр "Малын худаг" гэх газарт “Тоёото Нөтэ” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг зөрчиж, иргэн Ц.Г-ын хашааг мөргөж, хашаан дотор байсан иргэн Г.Б-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч нь “... Би нөхөр Г-н хамт Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1-р баг хуучин төв ........ тоотод оршин суудаг. Тухайн өдөр нөхөр бид хоёр хөдөө Г гэх хүнийд очиж уулзахаар би ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Очоод ногоон тэжээлийн наймааны үлдэгдэл 700.000 төгрөгийг аваад Г-н гэрт 0,75 литрийн Хараа нэртэй архи Г-н эхнэр Ц болон манай нөхөр Г, бид гурав хувааж уугаад дуусгаад 17 цагийн үед би машинаа бариад гэр рүүгээ явсан. Замдаа "Арвижих" нэртэй хүнсний дэлгүүрт нөхөр орж 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад гарч ирээд бид хоёр машин дотроо гурав гурван аягыг уугаад талд нь оруулсан. Нөхөр тэндээ үлдээд би машинаа бариад үхрээ саах гээд гэр рүүгээ 18 цагийн үед явсан. Гэрийн хашааны хаалганы үүдэнд очоод зогсох гээд тормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазан дээр гишгээд хашааны хаалгаа, хашаатай хамт мөргөөд орсон. Тэгээд машинаасаа буугаад үхрээ саагаад, гэртээ орж жоохон унтаж байгаад 20 цагийн үед босоод гэрээс гараад машинаа хартал машины доор хүний гар цухуйх шиг харагдаад тонгойгоод хартал хүн байсан. Тэгээд хашаанаас гараад урагшаа гүйтэл манай нөхөр Г ирж байхаар нь юу болсон талаар хэлээд гэртээ ирээд Баянхангай сумын цагдаад дуудлага өгүүлсэн. Хашааны гадна талд ямар ч хүн харагдаагүй. Тэгэхээр хашааны хаалганы дотор талд явж таарсан юм шиг байна лээ. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Уг машин нь манай охин Х-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би согтуугаар машин барьж болохгүй гэдгийг мэднэ. Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа” гэжээ. Шүүх оршуулгын зардал бусад нөхөн төлбөрийг төлж хохирогчийн тал гомдолгүй гэсэн болон шүүгдэгч нь замыын хөдөлгөөнд оролцоогүй зэргийг харгалзан Төв аймгийн нутгаас гарах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ.