Монголын тусгаар тогтнолыг устган ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулахаар олонтоо хөөцөлдөж явсан Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” гэдэг уран сайхны киног “Хүмүүс фильм” студи хийсэн. Ерөнхий продюссерээр нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат ажилласан. Төсвөөс 1,3 тэрбум, төрийн өмчит компаниудаас тус бүр нь 200 сая төгрөг гаргахыг үүрэгдсэн гэх энэ киноны дуулианаас болж төрийн байгууллагууд нь хохироод үлджээ. Засгийн газрын авто бааз л гэхэд тэдний нэг нь болсон. 2019 онд Засгийн газрын ХЭГ/866 тоот албан бичгийн дагуу уг кино зураг авалтанд унаагаар үйлчилжээ. Ж.Мөнхбат цагтаа ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан тул ийм албан бичиг гаргуулахад амархан байсан биз. Тэр цагаас хойш Засгийн газрын авто баазад “продюссер” Ж.Мөнхбат авлагаа барагдуулалгүй өдгөө гуравдахь жилдээ орж “найдваргүй авлага” ангилалд шилжжээ. Найдваргүй авлагад оруулсанаа киноны төслийн ажиллагаа зогссон гэж тайлбарлажээ. Гэтэл киноны төсөл зогсох нь бүү хэл үргэлжилэн “Түүх мартахгүй-2”- оо хүртэл хийсэн байдаг. Хоёрдугаар анги нь гарчихаад байхад төслийн ажиллагаа зогссон нэрээр авлагыг хаах гэж байгаа нь Ж.Мөнхбаттай холбоотой гэх хардлага төрж байна.