Төрийн албаныхан “амжилт” гаргасан мөч бүрээ алдахгүй бие биенээ шагнадаг болжээ. Энэ онын 1-р сард Сонгинохайрхан дүүрэгт 1519 гэмт хэрэг гарсан бол дараа сард нь 1470 бүртгэгдэн гэмт хэргийн гаралт 3,2 хувиар буюу 49-өөр багасжээ. Үүнийг дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “том” амжилт хэмээн үзэж урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачилгатай ажилласан доорхи гишүүдээ нийт 7,1 сая төгрөгөөр уриамшуулжээ. Дүүргийн хүчний бүх байгууллагуудын дарга нараас гадна ИТХ-ын ажлын албаны дарга, Салбар зөвлөлийн ажлын албаны дарга, ЗДТГ-ын дарга бүр ИТХ-ын ерөнхий нягтлан хүртэл хүртэл шагнуулсан байна. Тэд бүгд гэмт хэргийг 3,2 хувиар бууруулахад гар бие оролцжээ. Орой үдшээр эргүүл хийсэн ч байж магадгүй юм. Үнэхээр хийсэн бол шагнуулахаас яах билээ. Эцсийн эцэст гэмт хэргийн гаралтыг 49-өөр бууруулна гэдэг нь том амжилт юм. Бусад дүүргүүд энэ тал дээд ахиц муутай явна. Сонгинохайрханы дарга нар даруухан тулдаа бага мөнгөөр өөрсдийгөө урамшуулсан байна. Гэхдээ гэмт хэргийг бурууулахад жирийн цагдаа, олон нийтийн эргүүлийнхэн бас зүтгэсэн л баймаар юм. Тус дүүргийн сайтад Гэмт хэргээс урьдчтлан сэргийлэх салбар зөвлөлийн “нөр их” ажлын тухай мэдээ бараг л алга. 2021 онд ИТХ-ын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар хэсгийн төлөөлөгч нарт сандал ширээ, принтер өгсөн аж.