
БНХАУ-ын иргэн, барилгын материалын худалдаа эрхэлдэг Чинг Гэл буюу Qing Gele нь ... тоот гэртээ болон орцонд хамтран амьдрагч, жирэмсэн Н.А- тай үл ялих зүйлээр шалтаглан маргаж, үснээс нь зулгаан зодож, баруун чигчий, зүүн дунд хуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт, хоёр шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч нь болсон явдлын тухай “... Нөхөр орцонд согтуу сууж байсан. Би юм ярилгүй өнгөрч хаалгаа онгойлох гээд түлхүүрээ гаргаж байхад араас хүрч ирээд үснээс зулгаагаад зодсон. Тэгтэл манай хөрш ... тоотын эмэгтэй хаалгаа онгойлготол нөхөр "чи дандаа хэрэгт дурлаж байх юм" гээд орилтол хаалгаа хаасан. Тэр хооронд манай нөхөр намайг үсдэж цохиж зодож байгаад түлхүүр булааж авсан. Энэ үед манай давхрын ... тоотод байдаг залуу гарч ирээд салгасан. Тэгтэл манай нөхөр тэр хүмүүсийн зургийг нь аваад нэг хүнтэй утсаар “хүн зоддог хүмүүс чинь байна уу?, 4-5 сая болох юм байна, хамаагүй” гэх мэтээр ярьж байх хооронд нь би гэртээ ороод хаалгаа хаах гэтэл амжаагүй нөхөр араас орж ирсэн. Тэгээд намайг үсдэж байгаад цохиж зодсон. Би өмсөж байсан хувцастайгаа охиныгоо тэврээд гэрээсээ гарч гүйсэн. Доошоо буугаад өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Намайг жирэмсэн гэдгийг нөхөр мэдэж байсан ...” гэжээ. Харин гэрч залуу “... манай байрны .... тоотод амьдардаг хятад ах эхнэрээ зодох үед нь салгасан. Тэгээд би гэртээ орох гэтэл эхнэр нь намайг “байж бай чамайг орохоор намайг дахиад зодно” гээд оруулахгүй байсан. Хятад ах утсаар “мөнгөөр хүн зоддог хүн байна уу” гэх мэтээр цаашаа хүнтэй яриад байсан. Тэгээд тэр ах намайг хөөгөөд байхаар нь би зугтаж гараад дэлгүүр орчхоод 30-40 минутын дараа гэртээ орсон...” гэжээ. Мөрдөн байцаалтын үед монгол эмэгтэй хятад нөхөртөйгээ эвлэрч гомдол саналгүй гэсэн тул шүүх Чинг Гэлийг 700 мянган төгрөгөөр торгожээ.