
Хятадын иргэн, 46 настай Ли овогт Шао Бин/Li Shaobing/ нь "Чингис Хаан" олон улсын агаарын замын боомтоор 60,701,229 /жаран сая долоон зуун нэг мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгийн үнэлгээтэй, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3-дахь хэсгийн 3.1-ийн 3.1.1.3.1.2-т заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах таван ширхэг алтны агууламж бүхий металл болон 148.4 грамм шороог Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гээд баригджээ. Тэрээр Оросоос Монголд орж ирээд Ван Чин хэмээх хятад иргэний хамт Улаанбаатард Бөхийн өргөөний ард талбн “Техас” хэмээх гэр буудалд байрлаж байжээ. Байрны 3-4 давхрын 11 түрээслэн авч гэр буудал маягаар ажиллуулдаг уг газрыг О.Жамц хэмээх монгол иргэн өвөрмонгол эмэгтэй Нараагийн хамт ажиллуулдаг. Өвөрмонгол Нараа нь Хятадаас болон бусад орноос ирж байгаа сэжиг бүхий үйл ажиллагаа явуулдаг хятад иргэдийг олж ирдэг гэнэ. Тэд голдуу буудаг. Бао Шин, Ван Чин хоёрыг мөн л Нараа олж иржээ. Түүний зуучилсанаар О.Жамц нь Оросоос орж ирсэн долоон хятад иргэнийг Драгон дээр тосож аван гэр буудалдаа авчирчээ. Хятад иргэд Оросын Амур мужид алтны уурхайд ажиллаж байгаад Монголоор дамжин нутаг буцна хэмээн ярьсан байна. Бао Шин, Ван Чин хоёр нь бусдаасаа дээгүүр зиндааных тул Солонгосоор дамжин Хятад буцахаар Улаанбаатар-Сөүлийн нислэгийн тийз авчээ. Ингээд гаалийн шалгалтаар ороход Бао Шиний ачаанаас алттай шороо илэрсэн байна. Тэрээр “Би ОХУ-ын Амур мужид байдаг алтны уурхайд ажиллаж байгаад Алтанбулаг боомтоор Монгол улсад орж ирсэн. Ингээд Улаанбаатар хотод ирээд таньдаг өвөрмонгол эмэгтэйн буудалд нь байрлаад “Чингис хаан” олон улсын нисэх боомтоор хил нэвтрэх гэж байхдаа гаалийн ажилтан биедээ алт авч явж байна гээд саатуулагдаад цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирсэн. Тухайн үед миний биед Орост байхад цалингийн оронд өгсөн хайлуулсан болон хайлуулаагүй байгалийн алт нийт 300 орчим грамм байсан. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэж томорчээ. Шүүх хятад эрийг нэг сая төгрөгөөр торгож алттай шороог нь улсын орлого болгожээ. Алттай хятад иргэд Алтанбулагаар орж ирсэн нь тэнд хилийн хяналт шалгалт ихээхэн сул байгааг харуулж байна.