Ийм нэгэн ноцтой хэрэг гарчээ. Хэнтий аймгийн харьяат, 31 настай Дэлгэрбаярын У ... нь 2021 оны 08-р сараас 2022 оны 01-р сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.З-ийг Баянзүрх дүүргийн 16-р хороо, “Гарден-16” хотхоны ... тоотод байхад нь хэрэв өөртэй нь уулзахгүй, харилцаагаа таслах юм бол гэрийн чинь үүдэнд амиа хорлоно, дотно харилцаатай байсан талаараа гэр бүл, нөхөр болон хадмуудад нь хэлнэ гэх мэтээр байнга тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлсэн, зарим тохиолдолд гэрт нь хүчээр орж ирэх, гар утас, цүнх зэрэг эд зүйлсийг авч явах, гэрийнхэн цахилгааныг таслах зэрэг байдлаар хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, 2021 оны 10-р сарын 27-28-ны шилжих шөнө дээрх байдлаар сүрдүүлэн, заналхийлж, хохирогч Д.З-ийн гэрт орж виски ууж бэлгийн харьцаанд орох явцдаа хөхний хэсэг, хүзүү уруулыг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Болсон явдлын тухай хохирогч нь “... Би 2020 оны 6-р сард “Макс хүнс” ХХК-ний салбарт нягтлан бодогч хийдэг байсан. Манайх Тэрэлж рүү амралтад явахад жолоочоор нь хувиараа тээвэр хийдэг, Дэлгэрбаяр овогтой У гэх залуу хөлсөөр үйлчилсэн. Би энэ цагаас хойш таньдаг болсон. Үүнээс хойш тэрээр надтай холбоо тогтоох гэж утасны дугаар олж аван залгаж уулзъя, зугаалъя гэх зэргээр дотно харилцаа тогтоохыг их оролдсон. Бид хоёр хэд хэдэн удаа уулзсан ба эхнэртэйгээ хөндий харилцаатай байдаг гэж хэлж байсан. Бид хоёр 2020 оны 8-р сараас 2021 оны 8-р сарын хооронд дотно харилцаатай байсан. Манай нөхөр Солонгос улсад ажилладаг. 2021 оны 8-р сард шинэ байранд ороод уулзахаа болихоор шийдсэн. Энэ цагаас хойш У намайг байнга дагаж, гар утсаараа залгаж, янз бүрийн утгатай мессеж явуулж сэтгэл санааны дарамтад оруулж эхэлсэн. 2021 оны 8-р сараас 2021 оны 12-р cap хүртэл У намайг тасралтгүй дагаж, удаа дараа биед хүчтэй хүрэх, хоолой боох, гар утас, цүнх, автомашины түлхүүр авч зугтах гэх мэтээр халдаж машинд эсхүл манай байрны орцонд хонож, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд хүчээр ордог байсан. Байрны гадаа үргэлжийн сахиатай. Ажлаасаа гараад орц руугаа дөхөхөд хаанаас гарч ирдэг бүү мэд цүнх сав булаадаг. Миний юмыг аваад зугтаж байсан тохиолдол маш олон. Машины түлхүүр булааж аваад унаад явдаг. Маргааш хүүхэдхичээлд нь хүргэж өгөх гэхэд машин байхгүй. Ажлын гадаа машины багажинд орж хэвтчихээд “уулзахгүй бол гарахгүй” гэдэг. Намайг гэртээ орох гэхэд гэнэт араас гарч ирээд хүчээр гэрт ордог, оруулахгүй байвал гэрийн тогийг орцонд байх унтраалгаар салгадаг, гэрийн хаалганы бариул эвддэг. Хажуу талын байрны тагтаар дамжин манайх руу орж ирээд цонх маш их хүчтэй цохисон. Нэг удаа тагтаар үсэрч үхнэ гэж дүүжлэгдэж байсан. Цаасны хутга гаргаж ирээд амиа хорлоно гээд хүзүү хоолойндоо тулгах гэх мэт зүйл олонтоо хийсэн. 2021 оны 12-р сард манай байрны гадна өөр дээрээ бензин асгаад шатаан нүүр, гар хэсгээ түлсэн. 2021 оны 10-р сард хоёр хүүхэдтэйгээ гэртээ унтаж байхад У согтуу ирээд хаалга нүдэж, хоёр хүүхдийг чинь сэрээнэ гэх зэргээр утасны цаанаас сүрдүүлж, гэрэл тасалсан тул би аргагүйн эрхэнд оруулсан. Ороод надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Миний зүүн талын хөх хазаж хөхрүүлж, арьсыг нь унжуулсан, хүзүүний баруун талд хазаж мөн хөхрүүлсэн, доод уруул хазаж хавтгасан. Тэгээд авч ирсэн вискигээ уугаад согтоод унтаад өгсөн. Би хүүхдүүдийнхээ өрөөнд ороод унтсан ба өглөө У шалан дээр шээчихсэн байсан. Мөн У-ын аав, ээж залгаж “чи миний хүүхдийг уруу татаж эхнэрээс нь салгасан тул ар гэрт чинь хэлнэ” гэж байнга дарамталж байна. У нь над руу байнга залгаж уулзахгүй гэхэд “би танай гэрийн гадаа өөрийнхөө амийг хорлоно, чамд гай болно, нөхөр, хадам эцэг эхэд чинь хэлнэ” гэх зэргээр байнга дарамталдаг. Дээрх асуудлын талаар хүмүүст гайхуулаад яриад байх зүйл биш тул гэр бүл найз нөхдөдөө хэлээгүй. Миний амь нас, нэр төрд халдах вий гэхээс айж байна. Би мэдрэлийн ядаргааны гүн хямралд орж шөнө унтдаггүй. Үргэлж юмны чимээ шуугианаас цочдог. Сэтгэл зүйн зөвлөгөө авсаны 2.3 сая төгрөг, эмнэлгийн зардал 700 мянга, өмгөөллийн хөлс 10 сая төгрөг, тагтны хаалга 300 мянга, хаалганы бариул цоожны 300 мянга, мөн сэтгэл санааны хохиролын таван сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хүнийг надтай ойртуулахгүй, холбоо бариулахгүй, өнгөрсөн бүх харилцааг миний ар гэрт задруулахгүй байх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Энэ хугацаанд 20-30 удаа хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орсон гэжээ. Шүүгдэгч Дэлгэрбаярын У нь сэтгэцийн хувьд эрүүл агаад хувьдаа дэлгүүртэй, машинаараа тээвэр хийдэг тогтмолтой орлоготой нэгэн аж. Тэрээр шүүх хуралдаанд ахиад хохирогчтой харьцахгүй гэж ам өчигөө өгчээ. Шүүх түүнд зорчих эрхийг гурван сар хязгаарлах ял оноож мөн хохирогчтой уулзахыг хоригложээ. Дээр нь 1,1 сая төгрөгийг хохирогчид төлөхөөр болжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.