
Дундговь аймгийн Баянтал сумын Засаг дарга Н.Анхбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Г, Дундговь аймагт инженерийн хийцтэй 9 худаг шинээр гаргах ажил”-ыг гүйцэтгэх 220202/04-227 дугаартай гэрээ, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд заасан Г аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Давайн хормойн оройн зүүн” гэх газар гаргах ёстой байсан 30 020 708 төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-ний ажилчдад зориудаар худлаа зааж өгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргахаар тогтсон цэгээс 24 километрын зайд байх тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нүдэнгийн бор гүвээ” гэх газар буюу өөрийн малыг малладаг малчин Д.Н-ийн өвөлжөөнөөс баруун урд зүгт 1,7 километрын зайд өрөмдлөг хийлгэж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон өөрийн малыг малладаг малчинд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг сумын ИТХ-ын төлөөлөгч АТГ-д мэдээлсэн байна. Тэрээр “...Манай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Давайн хормойн оройн зүүн” гэх газар инженерийн хийцтэй худаг гаргах ажил хийгдэх ёстой байсан. Уг газар нь олон жил худаггүй байсан бөгөөд уг газарт худаг гаргаснаар олон малчин иргэдийн мал устай золгох ёстой. Гэтэл Засаг дарга Г.Анхбаяр нь “Мөнх Толгой” гэх газар буюу өөрийн малчны хажууд тухайн худгийг гаргуулсан. Цаад утгаараа бараг өөртөө худаг гаргасан гэж ойлгоход болно...” гэжээ. Малчин нь Засаг даргынхаа 100 гаруй бог малыг хариулдаг гэнэ. Худаг гаргахад нийт 22 сая төгрөг зарцуулжээ. Шүүх Г.Анхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасах, мөн нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.