
Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Б.Амарболд нь “Агар завъяа” нэртэй дэлгүүрт хохирогч Д.Б-гийн зарж байсан орос цагаан хаш чулуун их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг нийт 2 ширхэг хөөргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 16.500.000 төгрөгийн хохирол, “Клоуди фони” нэртэй дэлгүүрт хохирогч Г.О-гийн зарж байсан Айфоне 13 загварын гар утас 1 ширхэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр “...ганцаараа Теди худалдааны төв орж явтал гар утас худалдааны дэлгүүр замын нөгөө талд харагдсан. Тэгээд би тэр дэлгүүр рүү ороод лангуун дотор байгаа утсуудыг нь харж байгаад Айфони 13 про загварын утсыг нь үзье гэж хэлээд худалдагч эмэгтэйгээр авахуулаад үзэж байгаад тэр чигт нь аваад гараад зугтчихсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан болохоор ийм үйлдэл хийсэн. Уг утсаа Теди худалдааны төв дээр утас авна гэж байсан нэг танихгүй хүнд 1.800.000 төгрөгөөр худалдаж мөнгөөр нь өрөө дарсан. Үүнээс 7 хоногийн өмнө Урт цагаан дээр үнэт эдлэлийн дэлгүүр ороод цагаан өнгийн хаш хөөрөг үзэж байгаад аваад зугтаачихсан. Түүнийгээ хүнд 2.500.000 төгрөгөөр зарах гээд хүнд өгчихсөн байж байгаад цагдаад баригдаад хөөргийг нь хүнд нь буцааж өгсөн. Энэ эд зүйлийг авч зугтахдаа ганцаараа явдаг. Хүнтэй хамтардаггүй. Би 3 удаа бусдын эд зүйл авч зугтаасан бөгөөд нэг хэрэг дээрээ ял авахдаа нөгөө хоёроо мэдэгдэхгүй байх гэж бодсон юм...” гэжээ. Харин хохирогчид “...манай “Агар завъяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагч над руу залгаад том болон дунд гарын орос цагаан хаш чулуун 2 ширхэг хөөргийг үл таних эрэгтэй хүн булааж аваад зугтчихлаа гэсэн ... тухай 2 хөөрөг нь хүзүү болон мөр хэсэг дээрээ бор хальсны үлдэгдэлтэй буюу бор туяатай, их бие нь цав цагаан. Монголд ийм их биетэй хөөрөг их олон байдаггүй ...” гэжээ. Шүүгч мэргэжлийн авч зугтаагчийг зургаан сар хорих ялаар шийтгэжээ.