
2021 оны 12-р сард АТҮТ-ийн Ц.Эрдэнэчулуун даргатай, гишүүдэд нь Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, Г.Мэндбаяр, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.Онон нар багтсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуусухайтад ажиллажээ. Энэ үед нүүрсний тээврэлтийн жолооч нарыг илүү тоолсон гэх “маапаан” дэгджээ. К.Айдос нь хятад иргэн Ву Юун Далай/Wu Yun Dalai/-гийн “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс”, “Дайлангийн хишиг тээвэр”, “Ивээл сар транс”, “Хишиг сайхан ундрах” компаниудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Мэндбаяраар 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс”-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр”-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс”-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах”-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон. Г.Мэндбаяр нь өөрийн танил Л.Балдоржийн “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Балдоржоос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, өөрийн төрөл С.Амгалангийн дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт яллагдсан. С.Онон нь өөрийн танил болох Буман трейд” ХХК-ийн захирал Б.Даваагийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.Даваагаас Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “ай фоне 13” маркийн гар утсыг Д.Шагдарсүрэнгээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хэргийг хэлэлцээд К.Айдосыг цагаатгаж харин Г.Мэндбаяр, С.Онон нарыг хахууль авсан хэмээн үзэж нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж дөрвөн сая төгрөгөөр торгожээ. Хахууль өгсөн Л.Балдоржийг гурван сая, Б.Давааг дөрвөн сая төгрөгөөр торгосон байна.