
Монголд бизнес эрхэлдэг хятад иргэн Вү Жиангуо нь өмнө нь ял шийтгүүлж байсан Ж.И-өөр хохирогч Б.С-ийн эзэмшлийн “....” УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар хүч хэрэглэж заналхийлж довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэгт захиалагчаар холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад хятад иргэн нь хохирогчийн охинд бэлгийн сэдэлттэй хүч хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал илэрсэн байна. Тэрээр “...“...2021 оны 8-р сарын орчимд анх Улаанбаатар хотод ирсэн байх үед хятад хэлний орчуулагч авахаар өөрийн танил хятад иргэнээр дамжуулан Б.С-ийн охин А-тай танилцсан. Миний хувьд 2021 оны 8-р сарын орчимд түүний Приус-30 маркийн автомашины зээлийн үлдэгдэл төлбөрийг гурван удаа хуваан нийт 6.000.000 төгрөгийг төлж өгсөн. Мөн А нь хоёр удаа эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна гэх үед нь нийт 3.500.000 төгрөгийн төлбөр тооцоог нь хийж өгч байсан. Мөн хятад хэлний багш хийнэ гээд байр түрээслэн ширээ, сандал, буйдан зэрэг эд зүйлсийг авхуулж нийт 5.000.000 төгрөгийн зардал гарсныг төлж өгсөн...” гэжээ. Харин хохирогчийн охин нь “...Манай ээж Б.С 2022 оны 02-р сард зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатай зээлж авсан...” гэжээ. Мөн “......2022 оны 02 дугаар сард намайг чамтай ярилцмаар байна гээд дуудаад байсан. Тэгээд би Хан-Уул дүүрэгт “Алтаргана” гэдэг хотхонд очсон. Ажлын шугамаар уулзаж байхад хүртэл намайг оролдох гээд байдаг. Очих үед мөнгө нэхдэг, чи надтай хамт байвал энэ мөнгийг төлүүлэхгүй байж болно гэдэг юм...” гэжээ. Энэ хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргасан ч прокурор давж заалдсан байдалтай байна.