“Devil Wears Prada” кинонд гол дүр Миранда Пристли амьдарч буйгаар үзүүлдэг гэрийг 27 сая 500 мянган ам.доллароор зарахаар болжээ. Энэ орон сууцыг Мирандагийн туслах Энди Сакс захирлынхаа гэрт сэтгүүл хүргэж өгдөг хэсгээс тодорхой харах боломжтой.
Энэхүү таван давхар таунхаусын зураг төслийг нэрт архитектор Стэнфорд Уайт гаргаж байсан бөгөөд одоогоос 100 гаруй жилийн өмнө 1906 онд баригдсан түүхтэй. Энэ байшинг 2005 онд дизайнер Даймон Барратын удирдлага дор сэргээн засварлаж байжээ. Таунхаус нь Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүд болон олон сая доллароор үнэлэгддэг орон сууцны хороолол сүндэрлэдэг Upper East Side-ын гудамжинд байрладаг.
Уг барилга нь долоон унтлагын өрөө, 10 угаалгын өргөө, сагсан бөмбөгийн талбай, зөвхөн гэрийн ажилчдад зориулагдсан өрөө, номын сан зэрэг нийт 20 өрөөтэй. Мөн Нью-Йоркийн орон сууцнуудад маш ховор байдаг хувийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнг хүртэл байдаг. Бүх шал болон тавцангууд гантиг хийцтэй бөгөөд гал тогооны өрөөнүүдийн нэгийг бүхэлд нь шилээр хийсэн байна.