Орчин үеийн лам нараас хамгийн дуулиантай нь Осгонбаяр ламтан буюу Зава Дамдин. Осгонбаяр лам ууланд 1500 хоног бясалгал хийж гэгээрэн гарч ирсэн. Тэрбээр Чойрын хийд орчимд хэнтэй ч уулзалгүй 1500 хоног бясалгаж төгс гэгээрсэн гэж байлаа. Бясалгаж байх хугацаанд нь АПУ-гийн захирал П.Батсайхан, УИХ-ын гишүүн “МСS” Энх-Амгалан, Монголын банкны холбооны ерөнхийлөгч Г.Цэрэнпүрэв, “Номинталст” хамтлагийн Хаянхярваа нарын хүмүүс санаа тавьж, эргэж тойрч байжээ. Бясалгал хийж төгс гэгээрсэн Осгонбаяр ламтны үс гэзэг нь дал мөрөө даван ургаж, шавь нар нь хөл болон угтсан. Гэтэл гэгээрсэн ламтан сүсэгтэн олныхоо дунд “АПУ”-гийн Батсайхан, “банкны” Г.Цэрэнпүрэв хоёрыг алгадсан. Ингэж “АПУ”-гийн босс П.Батсайханыг алгадсанаараа илүү олны танил болсон юм. Хожим нэрээ Зава Дамдин Ренбүчи болгож, 2018 онд Шангри Ла Моллд үнэт эрдэнийн “ZD” нэртэй дэлгүүрээ нээсэн. Хүннүгийн үеэс 8-р Богд хүртэлх түүхэн хэрэглээний соёлыг шингээсэн загвартай байгалийн үнэт чулуу, алт, алмаз, шүрээр хийсэн үнэт эдлэлүүдийг зардаг.
Зава Дамдин Ренбүчи 2016 оны 12 дугаар сарын 11-нд Буянт-Ухаа спорт цогцолборт 10000 хүнд Дорж Шүгдэн сахиусны амин авшиг соёрхжээ. Дорж Шүгдэн сахиусны дүр нь Алтан оройт малгайтай, гурав дахь мэлмийтэй, зүүн гартай гавал барьсан догшин дүртэй.
Харин 14 дүгээр Далай лам Шүгдэн сахиусыг шүтэхийг хориглосон. Энэ талаар Далай лам “Олон жилийн өмнөөс би Шүгдэнг шүтэхийг хориглосон. Анхандаа би ч гэсэн шашны сахиус гэж андуураад Шүгдэнг шүтэж байсан. Аажмаар бодит байдлыг мэдэж, эндүүрч байснаа ухаарсан билээ. Шүгдэнг хэн ч, хэзээ ч шарын шашны сахиус гэж нэрлээгүй. Шүгдэнгийн гарал ариун бус, анхнаасаа шашны сахиус гэж гарч ирээгүй, энэ бол тангаргийн буг юм. Шүгдэнг шүтэж буй хүмүүс буруу ерөөлийн эрхээр тангараг буруудсан буг чөтгөр шүтэж байгаа учраас энэ нь ямар ч шашин номын үйл болохгүй. Тиймээс шашин ном шүтэх эрхтэй огтхон ч хамаагүй. Шүгдэнг шүтэх нь буян номыг доройтуулах буруу номын үйл юм. Шүгдэнг тахивал баяждаг, хөрөнгө мөнгөтэй болдог гээд шүтсэн хүмүүс эхлээд жаал хөрөнгөтэй болж, хөөрөх магадлалтай боловч тун удалгүй тангаргийн бугийнхаа хорлолд өртөн уруудаж, доройтдог. Үүнийг бодит амьдрал аандаа харуулах болохоор би жишээ татаад яахав” гэж айлджээ.
Харин Зава Дамдин Ренбүчи “Дорж Шүгдэн сахиус бол нэг ёсондоо сахиусан тэнгэр юм. Бас хамгаалагч, сахигч сахиус гэж ойлгож болно. Дорж Шүгдэн сахиусны үйлс нь цахилгаан мэт түргэн гэдэг. Чин сүжигтэй, чин зоригтой байвал Дорж Шүгдэн сахиус сүүдэр мэт дагана. Ер нь бол нэгэнт лам багшид шавь орж авшиг авсан бол түүнээсээ урвахгүй байх хэрэгтэй” гэжээ. Монголд Шүгдэнг “АПУ”-гийн ахан дүүс, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Кёкүшюзан Батбаяр, дуучин Т.Баясгалан, “Гацуурт”-ын Чинбат тэргүүтэй баячууд Шүгдэн сахиусыг шүтдэг гэлцдэг