Дэд сайд асан М.Хүрэлсүх, дуучин Л.Солонго хоёр 10 гаруй жил хамт амьдарч, дөрвөн хүүхэд төрүүлсний эцэст нижгэр хурим хийж, энэ амьдралдаа эргэлт буцалтгүй нэгэн бат гэр бүл болсноо найз нөхөд, олон нийтийн өмнө зарлав.
Шөнийн захын эзэн буюу “Нар Мон” ХХК-ны захирал М.Хүрэлсүх нь Иргэний Зориг намын гол санхүүжүүлэгч байж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байлаа. “Нар Мон” компанийн захирал М.Хүрэлсүх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат. Төрсөн нутаг Баянхонгор аймагтаа удаа дараа нэр дэвшсэн ч байнга өвдөг шороодсон нэгэн.
Улстөрч, бизнесмэн М.Хүрэлсүх авааль гэргий Бадмаагаасаа туурга тусгаарлаж, өөрөөсөө 20 гаруй насаар дүү дуучин Солонготой гэр бүл болсон. Залуу дуучин Л.Солонго эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ид бүрддэг 25 настайдаа өөрөөсөө хоёр үе мултарсан ах М.Хүрэлсүхтэй хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарсан 12 жилийн хугацаандаа дөрвөн хүүхдийн аав ээж болжээ. Л.Солонго Болгарын Софи хотын дуу хөгжмийн дээд сургууль төгссөн, авъяаслаг, ирээдүйтэй дуучин бүсгүй. Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлагад төгсөж, уран бүтээлийн “Хүслийн бороо” цомгоо гаргасан билээ. Дуучин Л.Солонго анхны цомгийнхоо нээлтээ хийхдээ, МУСТА цол тэмдгээр шагнуулсан.
М.Хүрэлсүх дууны шүлэг бичдэг болохоор дуучин Л.Солонготой анх танилцсан аж. Насны хөл зөрүүтэй хосыг удахгүй сална гэлцсэн ч улам дотносож, хамтдаа бизнес эрхлэн, бизнес нь улам өргөжсөөр….М.Хүрэлсүх “Нарантуул” захын хажууд байдаг шөнийн захын эзэн, захынхаа хажууд есөн давхар барилга бариулж, үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьсан бэлтэй эр. Л.Солонго өөрөөсөө үе мултарсан амрагаа олны нүднээс чамгүй нуусан ч нэгэнт үр хүүхэдтэй болж байгаа хүмүүс олны харцнаас эмээхээ байж байнга хамт байх болжээ. М.Хүрэлсүх урьд нь амьдрал зохиож байсан, 2 хүүхэдтэй хүн. Гэсэн ч өөрийнхөө хүүхэдтэй чацуу дуучин Солонгыг албан ёсоор аав ээжээс нь гуйж, зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр нижгэр хурим хийлээ.