alim.mn | 2024.12.22
Дорноговьд 10 мянган маск тараасан иргэнийг торгожээ

Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусын анхны тохиолдол Монголд, тэр тусмаа Дорноговь аймагт  Франц иргэнээс илэрч,  хөл хорио тогтоосон. Монголчууд бултаараасаа сандарсан тэр өдөр Дорноговь аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, тус аймгийн тамгын газар нь ард иргэдээсээ хандив тусламж гуйсан билээ. Иргэд өөрсдийн боломжоороо 5-10 маск, аарцтай ундаа гэхчлэн байгаагаараа хандив өргөсөн. Тэр үед "Нэткапитал" компани 20 сая төгрөг хандивлаж,  10000 маск сэтгэл гарган унаган нутгийнхандаа хүргэж тараасан нь Дорноговьд нэлээн дуулиан тарьсан. Аймгийн эмнэлэг, цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хилийн цэргийн ангид мөнгөн хандиваа өгөн, ард иргэдэд маск тараасан байна. Гэтэл цагдаа нар маск тараасан хүнийг нь амдан барьж, бэлэн байдлын дэглэм зөрчлөө гэж тарааж явсан хүмүүсийг нь торгож, арга хэмжээ авчээ. Гэвч дахиад, тараасан тэр компанийг нь торгох ёстой байсан гэж загнаж, цагдаа нараа дахин торго гэж загнаж явуулсан байна. “Бэлэн байдлын дэглэм дээр юу байдаг юм” гэж асуухад хариулж ч мэдэхгүй, “Дээрээс загнаад байна” гэж цагдаа нар нь "Нэткапитал" компанийг торгохоор улайрч байгаа аж. Цагдаа нарын буруу ч юу байх вэ, аймгийн удирдлагууд нохойд барьдаг мод шиг явуулжээ. “Цаад эзэн” нь аймгийн тамгын газар хавиар байгаа гэнэ. Анх уриалчихаад, уриалсан зүйлийнхаа эсрэг үйлдэл хийснийг яаж тайлбарлах вэ?  Ёстой л өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдгийн үлгэр Дорноговь аймагт болж байна. Одоо Тамгын газрынхан өөрсдөө 1500 маск тараахаар  хуваарилсан байна. Одоо Улаанбадрах суманд Франц иргэний ойрын хавьтлын  гэж үзсэн 21 хүн  тусгаарлалтад байна. Мөн 66 иргэний тусгаарлалтын хугацаа маргааш дуусна. Ийм газар маск ус агаар шиг хэрэгтэй, гэтэл маск тараалаа гэж “шийтгэж” торгосон нь хачирхалтай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ