Америкийн дуучин Тейлор Свифт “Eras” аялан тоглолтоороо дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Тэрбээр нэг шөнө дуулаад 13 сая ам.доллар олж байгаа аж. 33 настай настай дуучин бүсгүй коронавирусийн цар тахлын үеэр “Lover”, “Folklore”, “Evermore” цомгийнхоо аялан тоглолтыг хийж чадаагүй. Ийм учраас “Eras” аялан тоглолт маш их хүлээлт үүсгэсэн билээ. Зөвхөн АНУ дахь аялан тоглолт тасалбарын худалдаанаас 1 тэрбум ам.долларын ашиг олсон гэж “Economic Times” мэдээлжээ. Тасалбар 50-аас 899 ам.доллар хүртэл үнээр зарагдсан юм. “Eras” 2024 онд Латин Америк, Ази, Австрали, Европт тоглох болсон тул зарим шинжээчид аялан тоглолтын нийт орлого 1.5 тэрбум ам.долларын орлого олно гэж буй.
Өндөр орлоготой байгаа учир дуучин Тейлор Свифт “Eras” тоглолтын арын албаны ажилчдад 55 сая ам.долларын урамшуулал өгсөн. Тухайлбал, тайзны тоног төхөөрөмж тээвэрлэсэн ачааны машины 50 жолооч тус бүрт нь 100 мянган доллар өгчээ. Жолооч нарт гардуулсан дугтуйнд нэрт дуучин гараараа бичсэн талархлын үгтэй ил захидал болон бэлэн мөнгө байжээ. Дугтуйг Т.Свифтийн нэрийн эхний үсгээр тамгалсан лацаар битүүмжилсэн байв. Дугтуйг задалсан жолооч нар 100 мянган ам.доллар байсанд мэл гайхсанаа хэлсэн байна. Тэд 1000, ихдээ 10000 доллар бий гэж таамаглаж байжээ. Зарим жолооч “Үнэн үү?” хэмээн дуу алдсан гэнэ.
2018 оноос хойш томоохон тайзан дээр гараагүй дуучны “Eras Tour” тоглолт Сиэтл хотод болох үеэр дуу хөгжим болон хөгжөөн дэмжигчдийн уухайн дуунаас үүдэн концертын талбайн ойролцоох орчинд 2.3 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ажээ. Ийнхүү дуучин бүсгүйн тоглолтын дуулман шуугиан тасрахгүй байна. Одоо бүр энэ тоглолтод зориулагдсан бүхэл бүтэн мэргэжил бий болжээ.