alim.mn | 2025.04.20
Хахуульд холбогдсон З.Буяннэмэхийн хилийн хоригийг цуцлуулсан хэрэгт Д.Загджавтан “унах” шахжээ

Алдарт Дарханы замын тендерийн авлигал хахуулийн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон дарга захирлуудын нэрсийн жагсаалт үргэлжилсээр байна. Өдгөө Монголын Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч гэдгээрээ илүү танигдсан З.Буяннэмэх орж иржээ. Тэрээр Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэл 30,5 км замын ажлыг авсан “Чайна гео инженеринг корпораци”-ийг “зүтгүүлэхийн” тулд ЗТЯ-ны хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд эхлээд гурван сая төгрөг дараа нь 60 сая төгрөгийн үнэтэй “Лексус ар Икс-350” загварын машин өгчээ. Энэ тухайгаа “...Би Оргил-Эрдэнийг чи нэг унаатай бол гээд улсын баяр наадмын яг өмнө Лексус Ар экс маркийн автомашиныг зар дээрээс хямдхан худалдаж авангуутаа үнэтэйгээр бодоод  тендерийн дараа өгсөн юм. Энэ машин нь хуучин онтой тэрэг байсан...” гэжээ.  Түүнээс гадна хилийн хоригоо цуцлуулахын тулд шийдвэр гүйцэтгэгч эмэгтэйд өөрийн жлооочоороо дамжуулан 600 мянган төгрөг өгчээ. Энэ хэрэгт тухайн үед ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан алдарт Д.Загджав бас холбогдоод авчээ. Хуулийнхан шийдвэр гүйцэтгэгчийг байцаахдаа “Энэ хэрэг нь том  тул ганцхан чи биш олон хүн холбогдож байгаа, дарааллаараа явж байгаа, тухайн хэрэгтэй холбоотойгоор Загджав даргыг бас шалгаж байгаа, хамт олноо бодоод хийсэн хэргээ хүлээчих” гэжээ. Ингээд айсан эмэгтэй “хамт олноо бодоод” ярьж эхэлсэн байна. З.Буяннэмэхийн хилийн хоригийг цуцлуулахад Д.Загжаваас гадна  түүний даалгавар гүйцэтгэгч Т. Довчинсамбуу, прокурор А.Ц нар “ярьж хэлж” өгсөн гэнэ. Прокурор нь З.Буяннэмэхтэй нэг зааланд бэлтгэл хийдэг, долоо хоногт 2-3 удаа тааралддаг байжээ. Ингээд Д.Загджавтай найз гэдгээрээ хилийн хоригийг нь цуцлуулах талаар ярьж хэлж өгөхөөр болжээ. Тэрээр найздаа “манай Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгч тэмцээн уралдаанд явах гэсэн чинь хилийн хоригтой юм байна, мөн эмнэлэгт бие үзүүлнэ гэнэ, үүн дээр та анхаараад өгөөч” гэжээ. Найз нь ярьсан тул Д.Загджав өөрийн даалгавар гүйцэтгэгч Т.Довчинбавууд “хуулийн хүрээнд шийд, холбогдох албанд уламжил” гэдэг хатуу үүрэг буулгажээ. Прокурор ч даалгавар гүйцэтгэгчийн утас руу залгаж Пауэрлифтингийн холбооны ерөнхийлөгчийн талаар давхар хэлсэн байна. Даалгавар гүйцэтгэгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч рүү залгаж “З.Буяннэмэхийн гадаадад зорчих эрхийг сэргээх асуудлыг нь хуулийн хүрээнд шийдвэрлээд өг” гэжээ. Ийнхүү шат шат дамжсаар хилийн хориг нь цуцлагджээ. Бусад нь юу авсан нь тодорхойгүй ч шийдвэр гүйцэтгэгчид 600 мянган төгрөг бэлнээр иржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ