Төрийн банкинд итгэхэд бэрх болжээ. Тус банкны Дотоод хяналт, шалгалтын газрын хянагч Г.Дэлгэрцогт нь албан тушаалын байдлаа ашиглаж банкинд нь мөнгөө итгэмжилэн хадгадуулсан гурван хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг барьцаалан “Гялс” банкны эрхийг нь ашиглан онлайн зээл авч байгаа мэтээр нийтдээ 371 сая төгрөг завшжээ. Тэрээр эхлээд ахлах теллерийн эрхийг олж авчээ. 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр “Алтай” хотхоны салбар дээр хяналтын ажлаар очоод байхдаа боломж гаргаж авсан гэнэ. Тэрээр ахлах теллерийг дуудаж “танай салбарт өндөр дүнтэй харилцагч нарын дипозит их байдаг юм байна, надад харагдахгүй байна, та миний компьютер дээр эрхээрээ ороод өгөөч” гэжээ. Ахлах теллер нь Дэлгэрцогтын ашиглаж байсан компьютер дээр нууц үгээ хийн системд нэтрэхэд эрхийг нь олж авсан гэнэ. Үүний дараа их хэмжээний хадгаламжтай гурван хадгаламж эзэмшигчийн нууц үгийг мөн олж авч чаджээ. Тэр гурав нь интернет банк нээлгэсэн ч хэрэглэдэггүй байсныг нь ашигласан байна. Ингээд хадгаламжийг нь барьцаалан нийтдээ 371 сая төгрөгийг онлайн зээл хэлбэрээр гаргуулж эмээгийнхээ дансаар дамжуулан өөрийнхөө дансанд хийжээ. Нийтдээ 19 удаагийн үйлдлээр дээрхи зээлийг гаргасан гэнэ. Төрийн банкны ажилтан нь архаг мөрийтэй тоглоомчин байжээ. Хадгаламж барьцаалаад зээл авахад зээлийн данс нээдэг. Г.Дэлгэрцогт нь ХХБ-нд данс нээгээд тэндээсээ гадаад дахь мөрийтэй тоглоомын сайтын данс руу шилжүүдэг байжээ. Тэрээр “POKER STAR.COM, 21 CASINO.COM, GUTS.COM” сайтад тоглодог агаад залилсан мөнгөө доллар, евро болгон шилжүүлсэн байна.